Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe

Арчаагүй гөлөг

Хадгалах

Би нэг бандитай 17-тойдоо үерхэж эхэлсэн. Тэгээд 19 дөнгөж хүрч байхдаа жирэмсэн болсноо мэдсэн. Жирэмсэн гэдгийг маань мэдсэнээс хойш л жинхэнэ зангаа таниулж эхэлсэн. Жоохон юман дээр л аймар уурлаж уцаарлаж хэрүүл хийгээд. Нэг өдөр шалихгүй юмнаас болж хэрэлдээд "Би наад хүүхдийг чинь авахуулах мөнгө өгч чадахгүй, зүгээр цохиод алчихъя, мөнгө орохгүй амар шдээ" гэснээс нь болж салсан. Өмнө нь ч нилээн л салж нийлдэг байсан. Тэгээд л удалгүй нөгөө л нэг уучлалт гуйгаад буцаад эвлэрье гэсэн хүн байсан. Би ч нүүр өгөөгүй яваад л байлаа. Тэгж байгаад төрөх дөхөөд буцаад эвлэрч эхэлсэн, хүүхдээ аавтай байлгая л гэж бодсондоо.

Төрсний дараа ч нойргүй, стресстэй, ер нь л төрсний дараах сэтгэл гутралтай болсон байсан. Тэгж байтал хүүхэд маань 2 сар ч хүрээгүй байтал нөгөө хүнд мэдээ ирэв ээ. Над дээр "Танай найз залуу чинь намайг 2 удаа жирэмслүүлсэн" гээд л ороод ирж байна даа. Би өөрт нь ч хэллээ, энэ юу юм бэ гээд л хэрүүл эхэлж байгаа юм. Эхэндээ юу яриад байгааг мэдэхгүй, эдр гэл хайцгаагаад байж байсан. Сүүлдээ "Наадах чинь аймар зэвүүн *янханлаг охин" гээд л нөгөөхөө муулж өглөө. Би ч угаасаа итгээгүй, шууд салсан.

Төрсний дараах сэтгэл гутрал дээр минь нэмээд асар том цохилт болоод хоолойгоор юу ч давахгүй, ус ч ууж чадахгүй хэд хоноо. Сүү татраад, бүр юу ч хийх хүсэлгүй зүгээр л оршоод байсан. Энэ зуур нөгөөх маань "Би тэгээгүй, надад итгээч дээ. Наадах чинь надаас жирэмсэн болсон гээд мөнгө нэхсэн юм аа, би жирэмсэн болгоогүй" гээд л уучлалт гуйсаар л. Удалгүй нөгөө жирэмсэн болгосон охин нь над руу бичиж байна: "Би анхнаасаа жирэмсэн болоогүй, бүгдээрээ худлаа шүү" л гэж байна. Би ч итгээгүй, худлаа байсан бол надад тийм юм ирэхгүй биз гээд л. Тэгж байж байгаад "За чи надад яасан ийснээ бүгдийг нь хэлээд өгчих" гэсэн.

"Би наадахаас чинь 2 удаа жирэмсэн болсон нь үнэн. Нэг ч төгрөг аваагүй, харин надаас л мөнгө авдаг байсан. Надад хайртай гэдэг байсан, намайг бэр гуйна гэдэг байсан. Надад дандаа чамайг муулдаг байсан" л гэж байна. Би тэгээд хэзээ жирэмсэн болгосон бэ гэтэл намайг 7-н сартай байхад нэг удаа жирэмсэн болгоод, түүнийгээ авахуулаад сарын дараа дахиад жирэмсэн болгосон байсан. Тэгээд дахиад зөндөө л юм хэллээ: "Намайг өөрөө гэртээ дууддаг байсан, ирэхгүй бол амиа хорлолоо гэдэг байсан. Нэг удаа гэрт нь байж байхад ээж нь орж ирээд, би явсны дараа над руу "Би чамайг өмөөрөөд ээжтэйгээ хэрэлдчихлээ" гэсэн". Ээж нь хүртэл энэ охиныг нь мэддэг болж таарсан.

Энэ бүх хэлсэн юманд нь төрөөд 2-л сар болж байсан надад үнэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л санагдаж байлаа. Хоол ч хоолойгоор давахгүй, маш их тураад, үс унаад, бүр байж болох хамгийн доод цэгтээ хүрсэн.

Хүүхдийн тэтгэмж авахаар болж арай гэж л сар сарынхаа мөнгийг өгдөг. Одоо харин өгөхөө ч больсон. "1 нас хүртэл нь л өгчихөө" гэсэн, "Яагаад надаас юм гуйгаад байгаа юм" л гэж хэлсэн. Тэр мөнгийг нь би өөртөө наахгүй нь лавтай. Одоо хүртэл буцаад нийлье гэж гуйсаар л байдаг, ямар ч ичих нүүргүй.

Төрсний дараа нэг сар ч хүрээгүй байхад "Наад чинь яг миний хүүхэд мөн юм уу" гэж билээ. Түүнийг нь сонсоод л шууд дургүй хүрээд хүүхдээ өөр дээрээ овоглосон. Одоо болтол буцаж нийлэхгүй болохоор хааяа над руу хараал зүхэж "Чамайг одоо хүүхэдтэй болохоор хэн ч тоохгүй, хүүхэдтэй хүнтэй хэн байдаг юм" л гэж байна. Би ч "Мөчөөгүй үхэхгүй, хүн болгон чам шиг байдаггүй юм аа" л гэлээ. Хүүхдийн мөнгөө ч өгөхгүй, хараал зүхдэг хүнээр би ч яахав гэл хаясан. Дутаад санаад байгаа ч юм байдаггүй. Хүүхэдтэйгээ одоо сайхан л амьдарч байна.

 

2 reaction

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.