Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe

Хэзээ ч мартагдахгүй тэр хайр

Хадгалах

Энэ бол өсвөр насны жаахан охин байхдаа нэгэн хүнд эргэж буцалтгүй дурлаж, хайрлаж, бас хайрлуулж өнгөрүүлсэн жаргалтай атлаа гунигтай бодит түүх юм...

Утсаа нээн харвал Тэнүүн:

— Хичээл эхэлцэн үү? Унтчихаж ээ.

гэж бичсэн байсан юм.

Би ч:

— Эхэлцээн. Дараагийн цагаас ороод ир.

гэж хариуллаа.

Гэхдээ би дотроо “Тэнүүн яагаад надаас асууж байгаа юм бол? Найзууд нь байсаар байтал” гэж бодсон юм. Тэгээд “За, энэ сүртэй юм биш. Битгий их юм бод” гэж өөртөө хэлсэн ч түүнийг бодсоор л байв.

Яг хэзээнээс, яаж эхэлснийг нь санахгүй байгаа ч бид хоёр буцаад юм  ярьж, чаталдаг болж, дотно болсон байсан юм. Гэхдээ энэ удаа бидний харилцаа өмнөхөөсөө арай өөр байлаа.

Тэр намайг өглөө гэрээс ирж авна, хичээл тарахаар гэрт хүргэж өгнө. Заримдаа намайг гэртээ байж байхад:

— Үүдэнд чинь байна. Уулзах уу?

гэж хэлнэ.Гараад очиход зайрмагтай хүлээж байна.

Хамгийн гол нь өмнө нь бид хоёр хоёулхнаа үлдэхээрээ ичингүйрээд, нэг их юм ярьж чаддаггүй байсан бол энэ удаа хоёулхнаа явж байсан ч элдэв бусын зүйл ярьж, инээлддэг болсон байлаа.

Мэдээж би энэ бүхэнд баяртай байсан. Миний дотор тэр хүн байсаар ирснийг би тэр үед бага багаар мэдэрч эхэлсэн юм.

Нэг өдөр найзтайгаа гадуур гарчихаад харих замд нөгөө л сургуулийн шийдэн дээр Тэнүүн ангийн хөвгүүдтэй сагс тоглож байв. Найз бид хоёр ч тэнд түр саатаад, ангийн хөвгүүдийнхээ тоглохыг харж суув.

Би ч яахав, Тэнүүнийг л харах санаатай суугаад байлаа. Тэнүүн ч намайг ирснийг анзаарч, над дээр ирээд ойр зуурын юм асууж байгаад буцаад тоглохоор явсан.

Удалгүй манай найз:

— Явъя, харья оройтлоо.

гээд босоход Тэнүүн тоглож байснаа болин гүйж ирээд:

— Би хүргээд өгье.

гэж байна.

Би ч дотроо баярлаад л.

Ингээд бид гурав манайхыг зорин алхах замд Тэнүүн найз бид хоёрын дунд, би захад алхаж байтал өөдөөс гэнэт машин эргэлтээр эргээд гараад ирэв. Би холдох гэж байтал Тэнүүн:

— Наашаа бол.

гээд гарнаас минь атгаад авдаг юм даа.

Би ч гайхах, баярлах ичэх зэрэгцээд юу ч хэлэлгүй хөтлүүлэн алхлаа.

Тэгсээр манай үүдэнд ирэхэд Тэнүүн:

— ,Би Номинтой жоохон алхлаа. Бид хоёр чамайг автобусны буудал хүргээд өгье.

гэж байна.

Манай найз ч Тэнүүнд сэтгэлтэйг минь мэддэг болохоор:

— Тэгье, тэгье.

гээд явсан юм.

Тэгээд Тэнүүн бид хоёр найзыгаа автобусанд нь суулгаж явуулаад, буцаад хоёулхнаа алхлаа. Бид нэг нэгнээ хөтөлж, элдэв бусын зүйл ярилцсаар манай гэрийн ойр хавьд ирж байв.

Би нэг зүйл ярьж, яриандаа орчихсон явж байтал Тэнүүний алхаа удаашраад, миний ярьж байгааг:

— Мхн, мхн.

гээд сонсож байлаа.

Би ч “Надтай илүү удаан хамт баймаар санагдаад л удаан алхаад байгаа юм байхдаа” гэж бодож явсан юм.

Хөтлөх тэр мэдрэмж нь л надад үнэхээр гоё байсан учраас би өөр зүйл огт хүлээгээгүй ээ.

Гэтэл намайг яриагаа дуусгаад чимээгүй болох тэр л үед Тэнүүн миний өөдөөс харж зогсоод:

— Чи намайг уучлах уу? Надад хоёр дахь боломж гэж байгаа болов уу?

гэж асуудаг юм даа.

Би түүний сандарсан харцыг, намайг хөтөлж байсан гар нь бага зэрэг чичирч байгааг мэдэрч, хэсэг удаан харан зогслоо.

Дотроо бол “Хоёр дахь боломж байгаа болов уу” гэнэ үү. Хэрвээ байхгүй байсан бол би юу хийж энд хөтлүүлчихээд, ичэж сандраад, ийм жаргалтай явах билээ дээ гэж  түүнийг нэг шоолон бодчихоод:

— Мэдээж байгаа.

гэж хэлсэн юм.

Тэгэхэд түүний нүүрэнд мишээл тодорч:

— Үгүй гэх вий дээ гээд аймар айлаа. Миний зүрх сая аймар хурдан цохилоод, бараг чамд сонсогдсон байх аа.

гэж хэлсэн.

Би ч сонсоод “Ямар хөөрхөн юм бэ” гэж бодоод л:

— Үгүй гэж хэлж үздэг байж л дээ чи намайг хаясан биз дээ.

гэж тоглоомоор хэлсэн юм.

Тэгтэл тэр:

— Тэгвэл тэгье гэтэл чинь гуйж үзнэ ээ.

гэсээр намайг гэрт минь оруулж өглөө.

Түүний өмнө барьж байсан бүх догдлол, баяр хөөр нүүрэн дээр минь ил гарч инээдээ ч барьж чадахгүй байлаа. 

Орон дээрээ гарч хэвтээд,  ийш тийшээ хөрвөөж, нүүрээ дэрэндээ нааж инээгээд л байлаа.

“Хоёр дахь боломж гэж байгаа болов уу?” гэж асуусан тэр үг нь, гарнаас минь хөтөлж явсан нь, сандарсан харц нь бүгд бодогдоод байв.

Цээжин дотор минь үнэхээр эрвээхий нисээд байгаа юм шиг. Өмнө нь мэдэрч байсан тэр догдлол яг тэр хэвээрээ, бүр илүү хүчтэйгээр буцаад ирчихсэн байлаа.

Ингэж л бид хоёр дахь үерхэлээ эхлүүлсэн юм.( Үргэлжлэл бий )

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.