Хэзээ ч мартагдахгүй тэр хайр2
Энэ бол өсвөр насны жаахан охин байхдаа нэгэн хүнд эргэж буцалтгүй дурлаж, хайрлаж, бас хайрлуулж өнгөрүүлсэн жаргалтай атлаа гунигтай бодит түүх юм...

Цаг хугацаа ч өнгөрч, Тэнүүн бид хоёр өмнөхөөсөө дотносож байлаа. Тэр найзуудтайгаа суухдаа миний хөлийг дэрлээд унтдаг болсон байв. Хичээл дээрээ хамт суудаг болж, миний мөрийг налж суудаг болсон байлаа. Бас үе үе намайг гэрт хүргэж өгдөг ч, бид хоёулхнаа үлдэхээр л хэн хэн нь нэгнээсээ ичингүйрэн, юм ярьж чаддаггүй байлаа. Хэдий жижиг зүйл байж болох ч эдгээр үйлдлүүд нь намайг их л ичээдэг байв.
Цаг хугацаа ч энэ хэвээрээ үргэлжилж явсаар нэг л мэдэхэд 10-р ангиа төгсөх хавар ирж, тухайн үед бид найзуудаараа хүрээлэн орхохоор болсон юм. Мэдээж Тэнүүн ч гэсэн хамт. Бид өдөржин хөгжилдөж, инээлдэж явсаар нэг л мэдэхэд орой болж, харих цаг болсон байв.
Тэнүүн бид хоёрын дотно болж байгааг цуг явж байгаа найзууд маань мэдээж мэддэг болсон. Тийм болохоор амьхандаа бид хоёрыг хөтлөлцүүлчих гээд л үзнэ. Миний гартаа барьж байсан усны сав, цүнхийг хүртэл найзууд маань аваад өгдөхгүй нүдээрээ ирмээд л байна. Тэгээд Тэнүүнийг над руу түлхээд, бид хоёрыг хоёуланг минь үлдээж, өөрсдөө урд хойно алхалдана.
Тэнүүн ч бас үүнийг мэдэж байв. Гэхдээ нэг л зориг нь хүрэхгүй байгаа бололтой. Нүднийхээ булангаар харахад гар нь миний гар луу дөхөөд л, болиод л байхыг би анзаарсан юм.
Тэгж бид хоёр эвгүй байдалтай явж байтал тэрний гар гэнэт л миний гарыг хөтлөн алхсан юм. Дулаахан тэр нэг гар...
Бид хоёр хоёулхнаа үлдсэн байсан учир урьдын л адил хоорондоо үг сольж чадахгүй, эв хавгүй явсаар тэр минь намайг гэрт хүргэж өгөөд, оруулахынхаа өмнө:
— Баяртай, сайхан амраарай.
гэж хэлсэн юм.
Тэр өдөр би ч нисэх гэж байгаа аятай л догдлон гэр лүүгээ орж билээ. Надад тэр л үгнүүд, тэр л хөтлөлцөөд алхах мөч үнэхээр хангалттай байсан юм.
Хэд хоногийн дараа нь бид ангидаа юм хийгээд оройтож тарцгаасан юм. Тэнүүн бас л намайг хүргэж өгөхөөр болж, бид хөтлөлцөн алхана. Гэрийн үүдэнд ирээд эв хавгүйхэн надад:
— Надтай үерхэх үү?
гэж асууж байсан юм.
Илүү дутуу , чамин зүйл байхгүй ч энэ л үгийг сонсоод дотор минь ямар нэг зүйл болоод, үнэхээр л аз жаргалдаа умбаж билээ. Мэдээж би “тийм” гэсэн хариу өгөөд, нүүр дүүрэн мишээл тодруулан гэртээ орсон юм.
Бидний үерхэл ингэж л эхэлсэн.
Гэвч тэр үед зуны амралт эхлэх гэж байсан юм. Үерхээд удаагүй байхад хичээл амарсныг л санаж байна. Бид эхний хэд хоног байнга чатлаастай, их л гоё байв. Гэхдээ яагаад ч юм тэр хэд хоногийн дараа нь хоёулаа салъя болоод явчихав.
Би ч тэр үгийг сонсоод дотор минь пал хийгээд л, “Яагаад?” гэж асуухад юу ч хэлэлгүй “Намайг уучлаарай” л гэж байсан юм.
Би ч уйлалгүй яахав. Шөнөжингөө ихэр татан уйлж, найзууддаа юу болсныг хэлсэн юм. Гэтэл нэг найз маань Тэнүүнд хэлчихэж.
— Яагаад салж байгаа юм? Номин аймар уйлаад байна.
гэх мэтээр хэлсэн юм байх.
Тэгтэл Тэнүүн чатаар орж ирээд:
— Номио, намайг үнэхээр уучлаарай. Битгий уйлалдаа.
гэж байсан юм.
Би ч “Тэгвэл яах гэж уйлуулах зүйл хийж байгаа юм бэ?” гэж бодоод л, түүнд хариу өгөлгүй орхисон юм.
Цаг хугацаа ч явж, удаан хамт байгаагүй болоод ч тэр үү, би тийм ч их шархалсангүй.
Зун би найзтайгаа хамт ажил хийсэн юм. Ажлаа дуусаад найзтайгаа харих замд сургуулийн шийд байдаг. Тэнд Тэнүүн ангийн банди нартай тоглож л байдаг. Би ч хараад л өнгөрдөг байлаа. Гэхдээ харах үед дотор нэг л сонин мэдрэмж төрөөд, яг үгээр хэлэмгүй, нэг л сонин санагддаг байсан.
Ийнхүү намар болж, хичээл ч орлоо. Нэг анги учраас би өөрөө ч мэдэлгүй аль болох зайлсхийдэг, харц тулгарахаас санаа зовдог байв. Гэхдээ л яагаад ч юм түүнийг хараад сууж байдаг. Хаашаа явж байна, юу хийж байна гэдгийг нь өөрийн мэдэлгүй л ажигладаг байсан юм.
Иймэрхүү янзаар явсаар цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрч, хавар эхэлж байлаа. Тэнүүн бид хоёр ч нэг анги юм хойно намрыг бодвол арай гайгүй болж, нэгнээсээ зайлсхийхгүй, найзуудаараа юм ярьж суух болсон байв. Гэхдээ мэдээж хоёулхнаа үлдэхгүй, хоорондоо юм ярьдаггүй байсан юм.
Гэтэл хаврын тэр нэг өдөр би өөр ангид хичээл орохоор явахдаа найзынхаа инээдтэй зургийг утсан дээрээ дарчихсан юм. Тэнүүн харсан байж таараад, гэнэт хажууд алхаж гарч ирээд:
— Надад наад зургаа чатаар явуулчихаарай.
гээд инээв.
Би ч их гайхсан ч гэсэн “Заа” гээд салсан юм.
Гэхдээ би зургийг нь явуулаагүй юм л даа. Гэтэл орой нь:
— Нөгөө зургаа явуулчихаач.
гээд чат бичиж байна.
Би ч “Өө, нээрээ мартчихсан байна шд” гэж бодоод л зургийг нь явууллаа. Тэгээд бид ойр зуур найзынхаа тухай чаталж байгаад л бидний яриа дууссан юм.
Маргааш өглөө эхний цаг технологи байсан юм. Тэнүүн ер нь энэ өдрийн эхний цагийг тасалчихаад, хоёрдугаар цагаас орж ирэх нь элбэг байсан юм л даа.
Гэтэл хонх дуугараад, хичээл эхлэхтэй зэрэгцэн утсанд мэдэгдэл ирж, би ч орж харвал Тэнүүнээс ирсэн чат байсан юм.
...(үргэлжлэл бий)
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
