Нулимс
Амьдралын түүх , гунигтай мөч
Өнгө алагласан хаврын сүүл сарын өдрүүд. Хичээл хааж, шалгалтын хоногууд үргэлжилсэн оюутны амьдрал. Өглөөний долоон цагийн сэрүүлэг гүн нойрноос минь сэрээхэд дуу мэдэн хашхирах сэрүүлгээ унтрааж орхиод, нойроо бүрэн сэргээхийн тулд утсаа үзэн орондоо хэсэг хэвтэв. Шөнийн дөрвөн цагийн үед ээж минь над руу таван удаа залгасан байхыг хараад юу болсон юм бол хэмээн тэрүүхэн тэндээ бодон буцааж залгавал холбогдох боломжгүй байлаа.
Нэг л мэдэхэд өглөөний 7 цаг 35 минут болсон байв. 8 цагаас шалгалттай тул хурдхан босож, гар нүүр, шүдээ угаагаад сургуулийн зүг явлаа.
Шалгалтын цаг тийм ч удаан биш. Хичээл ордог 90 минутын хажууд 45 минутын шалгалт шиг хурдан өнгөрөх зүйл байхгүй мэт.
Тухайн хичээлийн семестрийг дуусгаад хээрийн дадлагад гарах байсан тул манай ангийн оюутнууд сүүлийн шалгалтаа өгчихөөд, дадлагыг удирдан явуулах багштайгаа уулзан, 14 хоногийн хугацаатай явах хээрийн дадлагын төлөвлөгөө гаргахаар багшийг хүлээн бөөнөөрөө сууцгааж байлаа. Төд удалгүй багш ч ирж, бид хамтран дадлагад гарах өдөр, очих газар, байрлах газар, хоол унд, унаа тэрэг гэх мэт бүхий л зүйлсийг төлөвлөж, хүн бүр идэвхтэй оролцож байв. Самбарын дор цэнэглэж тавьсан миний утсанд дуудлага ирэхэд хажууд нь сууж байсан багш минь утсыг авч:
— Энэ хэний утас вэ? Ээж нь залгаж байна, — хэмээн хэлэв.
Угтаа шөнийн 4 цагт залгаагүй байсан бол би утсаа хаагаад, хурал дууссаны дараа ээж рүүгээ залгах байсан юм. Дээр нь өглөө буцааж залгахад утас нь холбогдох боломжгүй байсан болохоор багшаас утсаа авч ангиас гараад ээжтэйгээ ярив. Хоолой нь сөөнгөдөж, ханиад хүрсэн юм уу гэмээр хоолойгоор ээж:
— Сайхан амарсан уу, миний хүү? Юу хийж байна? — хэмээн асуув.
Би эргүүлэн мэндлээд, дадлагад гарах төлөвлөгөө бэлдэж байгаа тухайгаа хэлэн, хэсэгхэн хугацаанд ойр зуурын зүйлс ярилцав.
— Та өчигдөр шөнө залгасан байсан. Яасан юм? Би утасныхаа дууг хаагаад унтчихдаг болохоор мэдсэнгүй ээ, — хэмээн ээжээс асуув.
— Аан, тэр үед... — хэмээн ээж хэлэх гэтэл хоолой нь зангирч, нэг зүйлийг хэлэх гээд чадахгүй байгаа нь илт мэдэгдэж байлаа.
Хэчнээн нуусан ч ижийн минь амаа даран чимээгүйхэн мэгшин, үе үе нусаа татан, багтарч ядсан амьсгалаа гаргах дуу нь бүдэг бадагхан сонсогдож байв. Би юу ч эс дуугаран, зүгээр л юу хэлэхийг нь чимээгүйхэн хүлээлээ. Тэгтэл аав минь ээжээс утсыг нь авч:
— За, миний хар хүү юу хийж байна даа? Хичээл нь дажгүй юу? — гэж асуув.
— Хичээл сайн байгаа. Өнөөдөр сүүлийн шалгалтаа өгсөн. Маргааш дадлагадаа гарна, — хэмээн товчхон хариулаад, юу болсон тухай тулгаж асуулаа. Хоолойгоо засан хэсэг байснаа аав минь:
— Өчигдөр шөнө эмээ чинь тэнгэрийн орон руу дэвшжээ. Тэгээд аав, ээж хоёр нь одоо сум руу явж байна. Замдаа сүлжээнд ороод чамд хэлэх гээд зогсож байна, — хэмээн хариуллаа.
Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан болохоор:
— За, сайн яваарай, — гэж хэлээд утсаа салгав.
Тэр үед надад юу ч мэдэгдсэнгүй.Би бусдын адил цочирдож, уйлж, гунигласангүй. Угтаа бол намайг багаас минь өсгөж, хичээлийн зуны амралт болохоор л яаран очиж, зунжингаа эмээдээ эрхэлдэг байсан хүүхэд нь байтал.
Эргээд ангидаа орж, юу ч болоогүй мэт хурлаа үргэлжлүүлж, дуусгаад байрандаа очив.
Эмээгийн минь тухай, тэр хүн одоо байхгүй болсон тухай юу ч бодолд минь эс орно. Найзуудтайгаа урьдын л адил ярьж, инээлдэж, тоглож өнгөрөөсөөр шөнийг барав. Маргааш нь дадлагадаа гарлаа.
Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явсан болохоор дорхноо 15 хоног өнгөрч, би дадлагаа дуусгаад шууд гэр рүүгээ буцахаар боллоо. Дадлагад гарсан хугацаанд ч мөн адил эмээгийн минь тухай бодол орж ирсэнгүй. Би харамссангүй.
Гэртээ ирлээ.
Нэг хоног.
Хоёр хоног.
Арван гурав хоног. Бүх зүйл урьдын адил. Надад юу ч санагдахгүй, юу ч бодогдохгүй. Нэгэн орой, оройн 9 цагийн үед дэлгүүр орчихоод буцаад гэр өөдөө алхаж явтал нүднээс минь гэнэт нулимс урсаж эхлэв. Би ямар ч гунигтай зүйл бодоогүй. Бас гуниглаж, өвдөж, шаналж байгаагаа мэдрээгүй. Тэгсэн хэрнээ зүгээр л нулимс минь урсаж байлаа.
Би арчихыг хүссэнгүй. Нэгэн хэмнэлээр гэрийн зүг алхсаар.
Дотор минь юу ч мэдрэгдэж, юу ч бодогдохгүй хэрнээ би зүгээр л уйлж байсан юм.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
