Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe
Харука

Төгсгөлийн цэг 1-р хэсэг

Хадгалах

Цус харж чаддаггүй алуурчны талаар түүх




Гаран дээрх цусны толбо улааран харагдана. Хичнээн угаасан ч арилахгүй байгаа мэт санагдавч чухам энэ харагдаж буй нь цусны толбо уу эсвэл гараа хэт их үрснээс болж улайсан улайлт уу гэдгийг гайхна. Аль нь ч бай одоо зогсохгүй бол дараагийн бай минь хөлөөр минь л алагдах хэрэг гарах нь дээ. Эцэст нь хангалттай гэж үзээд угаалгын өрөөнөөс гарлаа. Бүх зүйлээ эхнээс нь нэг нягталж үзэх хэрэгтэй. Хорвоогийн хамгийн ухаантай, хичээнгүй бас нямбай хүмүүс бол алуурчид гэдэгт тэр туйлаас их итгэдэг.
Өрөөн доторхыг тойруулан харж цусны толбо, унасан байж болох үс зэргийг сайтар арилгасан эсэхээ нэг бүрчлэн шалгав. Зарим хүмүүс гэрээ цэвэрлэж ажлын стрессээ тайлдагтай адил тэр хийсэн хэргийнхээ ул мөрөө баллахдаа хамгаас дуртай байв. Үүнийг төгс болгохын тулд их олон жилийн судалгаа, туршилт хийсээр ирсэн бөгөөд одоо бол мэргэжилтэн болсон. Өрөөг бүхэлд нь шалгаж дууслаа. Одоо ганц ажил үлдсэн. Цогцсыг булах.. 
Булчин шөрмөс гээд байх зүйл байдаггүй болохоор хүнд зүйл өргөх нь түүнд таалагддаггүй юм. Мөн хүний биеийг ул мөргүй алга болгох гэдэг туйлаас хэцүү. Цус, хурууны хээг арилгах төдийгүй бүр алах нь хүртэл түүнд хавь илүү амархан санагдана. Хичнээн удаан бодож судалгаа хийсэн ч яаж огт ул мөр нотлох баримт үлдээлгүй хийж болох аргыг олохгүй байлаа. Шороонд булах, мөчлөөд хэсэг хэсгээр нь булах, шуудайнд хийгээд гол тэнгис далай руу шидэж орхих гээд олон арга байсан ч үргэлж л шинэ сонин содон зүйлс хүсдэг болохоор эдгээр аргууд хэтэрхий энгийн санагдаж санаанд үл нийцнэ. 
 
Бас нэг арга мухардаж байсан зүйл нь тэр цус харж чаддаггүй байв. Алуурчин хэрнээ цус харахаар зүрх нь үхдэг гэж бодохоор заримдаа өөрт нь ч хөгтэй санагддаг л юм. Энэ айдас нь ганц цогцсыг алга болгоход бус хамгийн чухал ажил болох аллага үйлдэхэд нь ч саад болох байлаа. Ер нь л алуурчин болохоор шийдсэн эхний мөчөөс л хамгийн том асуудал нь болов. Үүнийг шийдэхийн тулд өөрийгөө олон ч удаа зүсэж цусанд дасахыг хичээсэн авч хурууны үзүүрээс дусал цус гарахтай зэрэгцэн толгой нь эргэж газар дээр ухаан орно. Нилээд оролдсоны эцэст цусанд дасаж чадахгүйтэйгээ эвлэрэх үед гэнэт толгойд нь уншиж байсан зохиолын хэсэг нь санаанд оржээ. Нэгэн япон зохиолчийн цуврал ном байсан санагдана. Эхний бүлгээс хойш уншаагүй тул номны нэрийг нь ч санахгүй байсан ч уншсан тэр хэдэн хуудас л түүний  мухардлыг тайлахад хангалттай байлаа. Уг номон дээр гардаг нэгэн алуурчин эмэгтэй хүний хүзүүний хойно байдаг нэгэн цэгрүү маш нарийн уян зүүгээр хатгаж амийг нь бүрэлгэдэг талаар гардаг юм. Үүнийг бодож олсон шөнөдөө хэтэрхий догдолсондоо унтаж чадалгүй хоносоор нар мандахдаа зэрэгцэн босож номын сан руу явжээ.

 
Нэгэнт нэрийг нь ч санахгүй байгаа ном олно гэдэг амаргүй ажил байсан тул тухайн номыг хайхын оронд анагаах ухааны, хүний биеийн бүтэц зэргийг тайлбарласан хэд хэдэн ном олж аваад харьжээ. Нойр хоолгүй уншиж судалсны эцэст боломж байгааг олж хараад \ алуурчид хичээнгүй гэж хэлсэн дээ\ тэр өдрөө шууд анагаахын анхан шатны мэдлэг авах сургалтанд бүртгүүлж, онлайн хичээлд ч бүртгүүлж, хүний араг яс, хүзүүний тэр жижигхэн цэгийг нүдээ анисан ч олдог болохын тулд хоёр жилийн турш суралцсан юм. \Алуурчдыг ухаантай гэж бас хэлсэндээ\ Яг дөрвөн жил сурч, туршилт хийж, ном шагайсны эцэст бүх бэлтгэл ажил нь дуусав. Энэ хугацаанд анагаах, криминалист болон хуулийн талаар хэнээс ч илүү мэдлэг хуримтлуулж чадсан бөгөөд бүгдэд нь докторын зэрэгт хүрсэн юм. Мэдлэгийн батлах дипломгүй л болохоос тухайн салбарын ямар ч хүнээс илүү чадварлаг болсон юм шүү.
Өнөөдрийн цогцосны хувьд зүүгээр хатгасны дараа огцом хойш хүчтэй унаснаас болоод тархиараа газар савагдаж гарыг маань цусанд хутгачихсан юм. Яахав зогсож байхад нь зүүгээ чихсэн нь миний буруу л даа. Хатгахтай зэрэгцэн босож таарсан цогцосны өөрийнх нь ч буруу бас бий. 
Одоо биеийг нь ул мөргүй арилгах л үлдлээ. Цус харчаад ухаан алдсан, гараа угаасан болон энэ бүгдийг бичгийн машин дээрээ шивсэн хугацаатай нийлүүлээд хэтэрхий их цаг үрчихлээ. Одоо бараг сүнс нь ч хүлээсээр залхаж байгаа байлгүй..

➻➻➻

Сүүлийн өгүүлбэрийнхээ араас хоёр цэг тавьчихаад ажлын өрөөнөөсөө гарлаа. Өнөөдрийн садар зохиолчийг тонилгосноос л хойш л түүний сүнс нь шүгэлчихсэн мэт гэнэт л өөрийнхөө амьдралаар зохиол бичих санаа орж иржээ. Ямар нэг шинэ гайхалтай зүйл толгойд нь орсон үед шууд л хэрэгжүүлмээр, хийж, туршиж үзмээр санагдаад тогтож чаддаггүй зантай тул цогцсыг хөрж бай гэж хэлчихээд өрөөлүүгээ орж хуучин гар машин дээрээ бичиж эхэлсэн нь тэр аж.

➻➻➻

Садар зохиолчийн биеийг бас сүнсийг нь ч зайлуулчихаад эргээд ирлээ. Яаж ул мөргүй устгасан бэ гэж гайхаж байгаа байх. Удахгүй би өөрийн гайхалтай санааныхаа талаар хэлэх болно. Гэхдээ бүх зүйлд дэс дараалал хэрэгтэй. Эхлээд би хэрхэн алуурчин болсон талаараа өчье. Энэ хэсэгт бага зэрэг нуршиж магадгүй ч сонирхолтой байна гэж амлая.. 

1 reaction

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.