Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe
Харука

9 БА ЕС

Хадгалах

 
Цуглах танхимаас сонгодог хөгжим эгшиглэнэ. Хэний, ямар нэртэй симфони болохыг нь мэдэхгүй ч нэг л танил ая шиг санагдаад байв. Яаран алхсаар хаалга нээтэл надаас бусад нь бүгд цуглачихсан байлаа. Өөр өөрсдийн суудал дээрээ сууцгаажээ. Надтай нийлээд нийт арван хүн. Бүгд миний зүг эргэн харахад сандарсандаа мэндэлж ч чадсангүй, хөлөө ч мэдрэхээ болив. Дотроо тайвшрахыг хичээн “нэг хоёр , нэг хоёр” гэж тоолсоор арай гэж суудалдаа суув. Нэг дугаарын сандал дээр суусан дөч нэлээд гарсан бололтой, цагаан саарал өнгийн хослол дээр улаан зангиа зүүсэн, толгойнх нь дээд хэсэг бага зэрэг халзарсан, тэгсэн ч царайлаг харагдах эр сууж байлаа. Тэр над руу мишээсээр суудлаасаа босож, гараа сунгав.
-       Сайн уу, Нэг дугаар байна. Бид чамайг ирэхээс өмнө өөрсдийн жинхэнэ нэрнүүдээ хэлэлгүй зүгээр дугаараар нь дуудъя гэж ярилцаад байж байлаа. Зүгээр биз дээ, Есөө?
 Би сандран гарыг нь бариад:
-       Аан, тийм үү? Тэгэлгүй яах вэ. Мэдээж олонхын шийдвэрийг дагана, гэж хэлэв. Тэр инээсээр эргэн суудалдаа суугаад
-        За, тэгэхээр бүгд цугласан болохоор зааврын дагуу нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулвал ямар вэ?
Хаана ямар заавар байсан болохыг нь гайхан хайтал хажуу талд суусан Найм дугаарын эмэгтэй гараараа нэг зүгрүү заалаа. Тэр зүгрүү нь хартал дэлгэц дээр томоор “Заавар 1” нэг гэж бичжээ.
-       Заавар 1. Өөрсдийнхөө талаар товчхон танилцуулга хийнэ үү.
-       Аан, баярлалаа.
Хажуу тийш хартал урт шар үсээ дээш боосон, нүүрэндээ бараг томдсон гэмээр том нүдтэй, амьдрал дээр хажууд нь суух байтугай эгцэлж ч харж зүрхлэхээргүй эмэгтэй өөдөөс минь инээмсэглэж байв. Мөр нь ил гарсан, хилэн хар өнгийн бариу даашинз өмсжээ. Энд байгаа бүх эрэгтэйн нүд түүн дээр унаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нүдээ цавчихаа ч мартан өөдөөс нь ширтэж байтал,
-       Зүгээр үү? гэж гараараа даллахад нь л нэг ухаан орж,
-       Аан зүгээрээ юу ... би.. нөгөө хааяа ингээд гөлөрчихөөд байдаг юм гээд түгдэрч гацан хэллээ.
Тэгтэл нөгөө талаас Арав дугаарын жаахан намхан хэдий ч боломжийн цэвэрхэн царайтай, сүүн цагаан өнгийн хослол өмсөж, тэнгэр шиг, тэнгис шиг цэнхэр зангиа зангидсан залуу над руу нударч:
-       Энд байгаа ганц царайлаг нь наад охин чинь биш ээ. Чи бусдыг нь ч гэсэн харах хэрэгтэй байх, гэж шивнэлээ.
-       Нээрээ л..
Суудалдаа сууснаасаа хойш сандарлаа дарах гэж байгаад бусдынхаа царайг ч харж чадаагүйгээ саналаа. Тэгээд тоон дарааллаа эхнээс нь харахаар шийдэв.
Нэг дугаарын залуугийн хажууд бас л нэгэн царайлаг Хоёр дугаарын эрэгтэй сууж байв. Өрөөнөөсөө гарахдаа чухам итгэлтэй байсан итгэл минь дахин нэг хувь буурав. Тэр залуугийн хажууд бол би бараг л зарц шиг нь харагдахаар байв.
Хэдий суусан байгаа ч нэлээд өндөр болох нь мэдэгдэж байв. Бас өргөн мөртэй, булчинлаг биетэй бөгөөд өмссөн хослол нь хэзээ мөдгүй задрах гэж байгаа аятай шахцалдсан харагдана.  Баян болж жүжиглэж ядаж байгаа над шиг биш, жинхэнэ сэхээтэн айлын баян, дасгал хийхээс өөр хийгээд байх ажил, санаа зовох зүйлгүй амьдардаг нэгэн шиг санагдана.
Түүний хажууд Гурав дугаарын эрэгтэй өчүүхэн жижиг харагдах бөгөөд бараг тэр өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа бололтой биеэ хумин улам жижиг болон гөлчийн суух аж. Нүүрнийх нь эрхтнүүдийг салгаж харвал дажгүй юм. Давхраатай том нүд, өндөр хамар, өтгөн хөмсөгтэй боловч өргөн том нүүрэн дээр нь тал тал тийш тараагаад хаячихсан аятай харагдана.
Дөрөв дугаар дээр жижиг биетэй, халимаг хар үстэй эмэгтэй хүн суужээ. Гүн саарал өнгийн хослол доор хилэн улаан өнгийн өсгийтэй гутал өмсөж, хүзүүндээ мөн адил өнгийн гоёмсог шигтгээтэй зүүлт зүүжээ. Бугуйн цаг руугаа байн байн харж, хөлөө савчин сууж байгаагаас нь харвал ямар нэгэн оффисын ажил хийдэг хүн шиг харагдана. Гэхдээ бас л үнэхээр хөөрхөн юм. Гадуур хажуугаар зөрсөн бол эргэж заавал хардаг тийм эмэгтэйн нэг байлаа.
Тав болон Зургаа дугаар дээр ч мөн эмэгтэй хүмүүс суусан байлаа. Гэвч бусад хоёрыгоо бодвол энгийн бөгөөд танилцсан ч цагийн дараа л мартчихмаар нийтлэг царайтай юм.
Долоо дугаар. Энд сууж байгаа бүх хүн дундаас хамгийн гайхалтай, сонирхолтой нэгэн шиг санагдана. Дөрвөлжин нүдний шилний араас хүн болгоныг нухацтай ажиглах тэр эр яг л киноны хорон санаатай боловч гоц ухаантай эрдэмтэн шиг харагдах боловч чихээрээ дүүрэн ээмэг зүүсэн, бараг л халзан гэж хэлж болохоор үстэй, хүзүүнээсээ доош гарын хуруу хүртлээ үргэлжилсэн мэт харагдах шивээс нь түүнийг шоронгийн хоригдол шиг харагдуулах боловч, царайлаг төрх нь рок хамтлагийн гитарчин ч юм шиг мэдрэмж төрүүлнэ. Ямархуу амьдралтай, ямар хүн болохыг нь тааж хэлэхийн аргагүй энэ олон төрх нь миний гайхлыг төрүүлж байв.
Гэтэл гэнэт нэг зүйл санаанд оров. Яах аргагүй миний ес дугаарын өрөө хамгийн сүүлчийн өрөө байсан. Орж ирэхдээ өрөөнүүдийг тоолоход есөн өрөө л байсан тул нийт есөн хүн байх нь дээ гэж бодож байлаа. Гэтэл Арав дугаарын залуу байгааг анзаараад гайхав. Түүний өрөө хаана байгааг асуух гэж байтал гэнэт хонх дуугарч, “ Танилцуулгын цаг эхэллээ” гэх хоолой сонсогдов.
Нэг дугаарын эрэгтэй босож зогсоод,
-       Сайн байцгаана уу. Нэг дугаар байна. Би их сургуульд багшаар ажилладаг. Гучин есөн настай. Эхнэр болон нэг хүүгийн хамт амьдардаг.
Энэ өгүүлбэрээ ихэд гунигтэй өнгөөр хэлж байгааг нь анзаарав. Тэр үргэлжлүүлэн,
-       Товчхон танилцуулга гэсэн болохоор ингээд дуусгая гэж бодлоо. Танилцахад таатай байна, гэж хэлээд суудалдаа суув. Түүний танилцуулга худал болохыг мэдэж байгаа ч ярианы өнгө биеэ авч яваа байдлаас нь харвал багш гэж хэлсэн нь үнэхээр үнэн ч юм шиг санагдана.
Нэгийг суусны араас Хоёр бослоо. Бараг л чангаар уулга алдах шахав. Сууж байхдаа ч царайлаг харагдаж байсан ч босож зогсоход өндөр нуруу нь царайтай нь нийлж төгс төрхийг бүрдүүлнэ.
Баргил бүдүүн хоолойгоор өөрийгөө танилцуулж эхэллээ.
-Хувийн бизнесс эрхэлдэг, Хорин долоон настай. Ганц бие, гэж хэлэхдээ Найм дугаар руу харж нүдээ ирмэсэнд эмэгтэйн нүүр бага зэрэг улайж харагдав.
Эхний хүмүүс товчхон танилцуулга хийсэнд талархав. Дэлгэрэнгүй зүйл яривал гацаж түгдрэн, хөгөө чирэх вий гэж өөртөө санаа зовж байсан юм.
Гурав дугаарын эрэгтэй хулчийсан царайтайгаар босож, сулхан дуугаар хорин таван настай, мөн хувийн бизнес эрхэлдэг гэдгээ түргэхэн хэлээд буцаж суув. Хоолой нь бараг сонсогдохгүй байсан тул Нэг дугаар хэлснийг нь чангаар давтаж өгөв. Хоёр дугаар өрөвдсөн бас ёжилсон царайгаар түүн рүү харснаа хөлөө ачин, өөртөө итгэлтэйгээр суугаад Найм дугаар луу өдсөн харцаа үргэлжлүүлэн шидэв. 
Дөрөв дугаар босож зогсохдоо л өөрийнхөө хэчнээн шийдэмгий, бие даасан эмэгтэй болохыг бусдад ойлгуулах гэсэн мэт байв. Бүгдтэй нь ширүүн хэрнээ эелдэг харц тулгарч, чанга өөртөө итгэлтэй хоолойгоор,
-       Юуны түрүүнд бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Хүн бүрийн мэдэж байгаачлан дүрмийн дагуу бид хуурамч танилцуулга хэрэгтэй тийм биз?
Энэ талаар мэдэж байсан ч ингэж шууд хэлсэнд нь бүгд бага зэрэг балмагдаж орхив. Тэр үргэжлүүлэн,
-       Тэгэхээр нэгэнт худал хэлэхээс өөр аргагүйгээс хойш би танилцуулга хийхээс татгалзаж байна, гэж шийдэмгий хэлээд суудалдаа суув.
Түүний дараа Тав дугаарын эмэгтэй босох гэж байтал Дүн Дүн гэсэн чимээ гараад дэлгэц дээр анхааруулга гарч эхлэв.
Дүрэм зөрчигч илэрлээ. Нэн даруй дүрмээ дагахыг анхааруулж байна. Эс бөгөөс минут дуусах үед таны аяллын эрхийг цуцлах болно.
Анхааруулгын доод талд хоёр минутаас буурч буй цаг харагдана.
Дөрөв дугаар духаа үрчийлгэснээ санаа алдан, дургүйхэн суудлаасаа өндийгөөд,
-       За яахав, дүрэм л хойно. Нэг компанид менежер хийдэг, 29 настай гэж товчхон хэлээд суухад анхааруулгын зурвас алга боллоо.
Гэвч Дөрөв дугаарын хэлсэн зүйл үнэн байлаа. Нэг нэгнийхээ худал хэлж байгааг мэдэж байгаагаас хойш ингэж жүжиглэх ямар утга учиртай гэж? Галт тэрэг зогсоолд хүрэхэд эргээд л хуучны “жинхэнэ би”тэйгээ нүүр тулна шүү дээ. Энэ талаар бодоход сэтгэл санаа унаж, доош харахдаа цэвэрхэн, гялалзсан, шинэ бас үнэтэй, хэзээ ч надад харьяалагдахгүй гутлыг харлаа. Үнэхээр өөрийгөө өмсөж байгаа гэдэгт эргэлзэхэд хөлөө хөдөлгөж үзэв. Тэр танихгүй гутал доторх ядарч эвэршсэн хөл минь нэвт харагдах мэт санагдахад харцаа буруулж, Тав дугаарын эмэгтэйн ярианд анхаарлаа хандуулахыг хичээв.
-       Сайн байцгаана уу, би гучин настай, зураач мэргэжилтэй, өөрийн урландаа ажилладаг. Гурван ч удаа өөрийн үзэсгэлэнгээ амжилттай гаргаж байсан. Чөлөөт цагаараа балетээр хичээллэх дуртай.. Аан тийм ганц бие. Нохой бас муур тэжээдэг. Бас дэлхийн олон газраар аялаж үзсэн, аяллын тэмдэглэл бичих дуртай бас.. гэх зэргээр олон зүйлсийг яг л мөрөөдлөө ярьж буй жаахан охин шиг сэтгэл хөдлөлтэйгээр хэлсэн ч царгисан хоолойныхоо цаадах гунигийг нууж чадсангүй. Бүгд түүнийг гунигтай харцаар ширтэж, буцан суудалдаа суухад нь Зургаа дугаарын эмэгтэй тэсэлгүй нулимс асгаруулан түүнийг тэврэн авлаа.
Эцэстээ бид бүгдээрээ л сайхан хувцасны цаана зовлон, гунигаа нуун жүжиглэж буй хүүхэлдэйнүүд ажээ. 
Арай гэж сэтгэлээ барьсан Зургаа дугаарын эмэгтэй босож, нулимсаа залгина
 -Зохиолч, гэсэн ганцхан үг хэлээд буцаад суучихав. Анхааруулга гараагүйг бодоход ямар нэг зүйл хэлж л байвал урт, богино нь хамаагүй бололтой.
Хамгийн их сонирхол татсан хүн болох Долоо дугаарын ээлж ирлээ. Гэвч тэр боссонгүй. Харин хойш суудлаа налан суугаад,
-       Би бол ХААН, гэв. Худал зүйл хэлэх ёстой ч ингэж илт худал хэлсэнд нь бүгд гайхаж хоцров. Тэр ёжтой инээмсэглээд,
-       Тоглосон юм аа гэхэд бүгд жаахан инээлдэцгээв. Тэр хоолойгоо засаад
-        Би бол ЧӨТГӨРИЙН ХААН, гэж чанга орилон хэлээд яг л галзуу хүн шиг удаан инээлээ. Сонирхолтой хүн биш зүгээр л галзуу хүн байсан бололтой. Араас нь өөр зүйл хэлэх болов уу гэтэл дуусчихлаа гэсэн шиг нүдээ аничихав.
Бүгд гайхсан харц нэг нэгэн рүүгээ харж байтал Найм дугаар босоод уух зүйлсийн хэсэг рүү алхав. Чимээ аниргүй болсон танхимд түүний өндөр өсгийтийн чимээ тод сонсогдоно. Тог тог тог.
Жигд хэмнэлээр алхсаар очиж, нэг улаан дарс сонгож аваад хундаглав. Улаан дарс хундаганд дүүрч, халин асгарч байсан ч тэр тоосонгүй үргэлжлүүлэн хийсээр байв. Удалгүй дарсны лонх хоосроход газар чулуудчихлаа. Хөдөлгөх бүрт бага багаар асгарах хундагатай дарсыг дээш өргөн,
- Та нарын төлөө. Энэ новшийн газрын төлөө. Бас бидний үйлдсэн нүглийн төлөө, гэж хэлээд нэг амьсгаагаар ууж орхилоо. Дараа нь хундагаа ч мөн газар чулуудаад, өндөр өсгийтөө тайлан нүцгэн хөлөөрөө асгарсан дарсан дээрх шил, хундаганы хэлтэрхийнүүд дээр гишгэлээд, улаан хөлний мөр ардаа үлдээсээр эргэж ирээд гайхширсан бусдынхаа царайг тойруулан нэг хараад,
- Ойлгомжтой үзүүлбэр биш байв уу? Би бол сэтгэцийн өвчтөн, гэж мөрөө хавчин тоомжиргүй хэлээд хөлнөөс нь дуслах цус, дарсыг үл тоон суудалдаа суулаа.
Тэр ч бас галзуу юм байна гэж бодож байтал өөрийнх нь ээлж болсныг анзаараад түгдрэн гацаж, хэлэх үгээ олж ядав. Цаасан дээрх бичсэн үгсээ эргэн санахыг хичээсэн ч юу ч толгойд орж ирсэнгүй. Хүмүүс өөрийг нь цоо ширтэж байгаа мэт санагдахад хүйтэн хөлс цувж, гар хөлөрнө. Түргэхэн дуусгая гэж бодоод арай гэж -Хуульч, гэж хэлчихээд буцаж суулаа.
“Анхны сэтгэгдлээ сайхан үлдээх хэсэг” - Бүтэлгүйтлээ.
Миний араас Аравдугаар босох байх гэж бодтол Нэг дугаар
-       За ямартай ч зааврын дагуу бүгд танилцуулгаа хийж дууслаа. Бүгдтэй нь танилцах таатай байлаа гэв. Би гайхшран:
-       Энд Аравдугаар танилцуулгаа хийгээгүй байна шүү дээ, гэхэд бүгд гайхсан харцаар над руу харлаа. Нэг дугаар ихэд нухацтай над руу хараад :
-       Есөө, энд нийт есөн хүн л байна шүү дээ. Арав дугаар гэж байхгүй. Чи хамгийн сүүлийн хүн нь.
Би юу болоод байгааг ойлголгүй Арав дугаар луу хартал тэр ёжтой инээмсэглээд долоовор хуруугаа уруулан дээрээ аваачаад, - ЧШШШ би дараа нь тайлбарлаж өгье, гэлээ.
Арав дугаарыг ганцхан би л харж бас сонсож чадаж байгаа бололтой. Тэр сүнс юм байхдаа. Яагаад би л ганцаараа харж чадаж байгаа юм бол? гэж бодож байтал Найм дугаар над руу дөхөж ирээд,
Чи ч бас галзуу юм уу? гэж үнэхээр сонирхсон уу, эсвэл тохуурхаж байна уу гэдэг нь мэдэгдэхгүй өнгөөр чихэнд шивнээд инээмсэглэв.
Би үнэхээр галзуурчихсан юм болов уу? Дахин Арав дугаар руу хартал тэр алга болчихсон байлаа.
-Тийм ээ, би галзуурчихаж гэж өөртөө шивнэтэл дэлгэц дээр дохиолол дахин дуугарч, “Өнөөдрийн хэлэлцүүлгийн эхний түүх” гэсэн гарчигтай богино хэмжээний кино тоглуулагдаж эхлэв.  

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.