«Мөнхийн хайр» дууны цаадах түүх

«Дөлгөөн нуурын хөвөөгөөр. Дүүлэн нисэх хос хун шиг. Дотны амраг чамайгаа мөрөөдөөд. Хайрын дуугаа дуулж сууна…»
Эдгээр хэдэн мөрийг уншаад л та ямар дууны тухай өгүүлэх гэж байгааг гадарласан байх. Энэ дууг олон хамтлаг дуулсан бөгөөд тэдгээрээс Reflex, Нэг хороолол, X томъёо зэрэг хамтлагийн хувилбарууд бидний чихэнд хамгийн их хоногшсон байдаг билээ. Харамсалтай нь энэ дууг дагаж нэгэн таагүй яриа явдгийг ихэнх хүн мэднэ. Үүнийг Монголын «хотын домог» (urban legend) гэж хэлж болохоор түүх юм.
Дууны үгийг нэгэн үед тошиндоо алдартай байсан Алдаржав гэдэг хүн зохиосон гэж ярьдаг ч энэ нь баттай мэдээ биш. Дууны цаадах аймшигт түүхийг ч хүмүүс олон янзаар ярьдаг.
Түүх
Нэгэн залуу (энэ дууг зохиосон хүн) найз охиноо гэрт нь хүргэж өгөхдөө бага зэрэг муудалцжээ. Охиныг орцны хаалгаар оруулчихаад залуу эргээд явчихжээ. Гэтэл охиныг орцонд ороход хэдэн согтуу, хөлчүү залуус түүнийг хүчирхийлж, хутгалан амийг нь хороосон гэдэг. Зарим нь охин эмнэлэгт очоод амиа хорлосон гэж ч ярьдаг. Хожим найз залуу нь энэ явдлыг мэдээд галзуурч, эмнэлэгт хэвтэж байхдаа энэ дуугаа бичсэн бөгөөд түүнээс хойш хэнтэй ч гэрлээгүй гэдэг.
Үнэн худлыг нь мэдэхгүй ч дийлэнх хүн ийнхүү ярьдаг. Түүнчлэн охиныг амиа хорлосон гэх, бүр залууг нь гүтгүүлэн шоронд орж, тэндээ цусаараа хананд энэ дууг бичсэн гэх яриа ч бий. Энэ нь арай дэгсдүүлсэн хувилбар байх. Ямартай ч зохиолч нь одоог хүртэл тодорхойгүй энэ дуунд дуртай хүн олон бий.
Энэ аймшигт явдал Эрдэнэт хотод болсон гэж ярьдаг юм билээ. Анх аль хамтлаг дуулсан талаар ч хүмүүс ихэд санал зөрөлддөг. Нэг хороолол болон Reflex хамтлагууд «Мөнхийн хайр», харин X томъёо хамтлаг «Бороо ба нулимс» нэрээр дуулсан байдаг.
Хэрэв та энэ дууны тухай мэддэг бол сэтгэгдэл хэсэгт бичих, эсвэл бидэнд имэйл илгээж болно. Бид энэ дууны түүхийг үнэн зөвөөр нь нийтлэхийг хүсэж байна.
Дууны үг
Дөлгөөн нуурын хөвөөгөөр
Дүүлэн нисэх хос хун шиг
Дотны амраг чамайгаа мөрөөдөөд
Хайрын дуугаа дуулж сууна аа, дуулж сууна аа
Хайрт чамайгаа гомдоочихоод
Харанхуй шөнөөр хаяад явахдаа
Харанхуй байшингийн орцон дотор
Хашгирч байхыг чинь сонсоогүй ээ, би сонсоогүй ээ
Хайрт охин чамайгаа гомдоон би чинь явсан ч
Хайрлах сэтгэл зүрх минь чамайг гэсээр байсан юм
Энхрий хайрт чамаасаа тэрхэн мөчид холдоход
Эргээд чамтай уулзана гээд сэтгэл тайван алхлаа
Охин чамайг гомдоочихоод орхиод явах зүрхгүй
Учралт сайхан чамаасаа уучлалт гуйхаар иртэл
Хайрт охин чиний минь халуу төөнөсөн бие
Хөв хүйтэн болсон газар дэрлэж байлаа
Хайрт охин чамайг минь хэн ингэв дээ
Хажууд чинь хамтдаа байхгүй би яав даа
Энхрийлж хайрлах хайраар чинь үнэхээр би дутах юм
Эргээд чамтай уулзаад болно гэж бодсон юм
Эмнэлэг рүү яаран чамайгаа тэврэн ирж
Би чамд гэсэн тэр л үгийг хэлээд
Сулхан цохилж байсан зүрх чинь гэнэт зогссон
Эмнэлгийн цагаан орон дээр
Гунигтайхан хэвтэж байхад чинь
Цээжинд чинь дүрсэн чинжаал хутгаар
Гараа сийлэн тангараг өргөсөн, тангараг өргөсөөн
Хайрт охин чинийхээ хажууд дагаж явлаа
Хар санаат хүний гарт амь алдаж дээ
Энхрий хайрт чамайгаа орхиод би яваагүй бол
Эелдэг даруу инээдээрээ наддаа ирэх байсан
Хатуу энэ хорвоогийн жамаар би чинь
Хайрт охин чамайгаа алдах юм гэж үү дээ
Ингээд чи минь намайгаа энд орхиод
Анир чимээгүйгээр нисэн одлоо доо
Охин чи минь надаа хайраа өгсөн ч гэлээ
Хайр зөвхөн надад зовлон хайрлажээ
Бурхан харин надад амьдрал заяасан ч
Хорвоо надад харин үхэл хагацал бэлэглэжээ
Чамайг гэсэн миний хайр, намайг гэсэн чиний сэтгэл
Үерхэл хайр минь зуун жилээр үргэлжилж
Хайрт чамдаа зориулсан эгэл нэгэн дуу минь
Үүрд чи бид хоёрын дурсгал болон үлдэг хайрт минь
Цустай цагаан цамцыг чинь бариад
Цувааны чинь араас алхахдаа
Гунигийн дуу цээжийг минь зүсээд
Хоёр нүднээс нулимс бүрхэнэ ээ, нулимс бүрхэнэ ээ
…би чинь… чинийхээ булшин дээр очиход
Чин зүрх минь чичрэн харуусаад
Хайрт охин минь чи намайг орхиод явлаа гэж үү
Эргээд энхжингийн оронд уулзъя даа
Хайрт минь, хайрт минь, наддаа эргээд ирнэ гэж
Би чинь чамайгаа хүлээсээр сууна
Хайрт чи минь…
Харин би чинь чинийх гэж чамтай хамт байна
Охин чи минь байхгүй ч чамайг хайрласаар
Өдөр бүр чам дээр ирж сэтгэлээ хэлэх юм даа
Би чинь чамдаа хайртай гэж хэлж байсан үгээ
Чулууны чинь өмнө сөхрөн чамдаа би чинь тангараглъя
Хайрт охин чинийхээ араас үхмээр л байх юм
Хайрт чамдаа…
Хотоор хөтлөлцөн явах хосуудыг би хараад
Хоёр нүдний минь нулимс урсах юм даа
Аавын сайхан охидууд хэдий олон ч гэсэн
Алдрайхан чамдаа үнэнч шүү би чинь
Миний чиний, чиний миний энэ л хайр минь
Хан хорвоод үүрд мөнх үлдэх болно оо
Хайрт чинийхээ ариун булшин дээр
Хос хоёр сарнайг өргөчихөөд
Чамтайгаа байсан тэр л мөчүүдээ
Дурсаж явахаа би мартаагүй ээ, би мартаагүй ээ
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
