Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe

Тогорууны хараал

2,000₮(төлбөртэй)
Хадгалах

Дархан, Шарын гол зүгийнхэн бол андахгүй юм билээ. Дархан хотын хүнсний үйлдвэрийн сүүн цехэд олон жил ажилласан «Молоко» Дамдин гэхээр тэр хавийнхан андахгүй байтугай, нохой нь хүртэл таниад хуцдаг гэлцдэг. Тэтгэвэрт гарснаас хойш Дамдин гуай Сэлэнгэ мөрөн, Хараа голыг бараадан өвөлжиж, хаваржиж, зусаж, намаржиж, тэнгэр хангайн араншинг даган нүүж сууж явсан жирийн нэгэн өвгөн. Эцэст нь Хараа голын нэгэн үзэсгэлэнт тохойд шувууны үүр шиг юм засаж, товхийсон заамал дүнзэн байшин бариад эмгэнтэйгээ хамт суурьшжээ.

Гарын арван хуруу шиг яг арван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд сайн явдаг бөгөөд компанийн захирал, Дархан хотын захиргааны ерөнхий төлөвлөгч, багш, эмч, жолооч гээд, хамгийн бага нь гэхэд Энэтхэг улсад нанотехнологийн чиглэлээр суралцдаг ажээ. Хоёр нь доктор, гурав нь магистр, үлдсэн нь бүгд бакалавр зэрэгтэй.

«Молоко» Дамдин гуай гар хумхин суух, хөнгөн хийсвэр явахыг үзэн яддаг ажилсаг нэгэн. Шувууны үүр шиг тэр голын тохойд нь сайн угшилтай үнээ, бух, гахай, тахиа, галуу, зөгий, уналга болон чарганы хэдэн сайхан морь бий. Шөлний гэх зуу шахам хонь, ямаатай. Байхгүй амьтан гэвэл тэмээ л байх. Ийм өв тэгш амьдралтай, арван хуруундаа алтан бөгж зүүхээс өөр дутуу юмгүй хоёр буурал аж төрдөг байлаа. Байлаа гэж дээ. Байсан юм. Харин одоо тэдний гал голомт үнс чандруу мэт хийсч, арван хүүхдийнх нь тав л үлджээ. Юмны цаг нь ирэхээр ийнхүү алга урвуулах мэт үгүйрэн хоосордог ажээ. Яагаад ингэх болов оо? Хариулах гэж оролдоё.

«Молоко» Дамдин гуай хоосон хонож, хуурай босох нь гэсэн шиг, нар дөнгөж мандаж байхад урт түрийтэй усны гутлаа өмсөж, томоо гэгч аранзаа мөрөндөө углаад, чийгийн улаан хорхой хийсэн сав, таглаатай том ногоон паалантай арвын хувингаа барьж, Хараа юм уу Ерөө, эсвэл Сэлэнгэ рүү арилж өгнө. Санахад бол хэдэн малдаа өвс тэжээл тавьж, морьдынхоо тахыг янзлаад, гахайгаа бордоод, гэр орноо тойрон тааваараа холхиж байх нь зүйтэй мэт. Орой дээр хэдэн зэвэг, хайруус, хилтэг, аз нь шовойсон цагт хааяа тул загас барьж ирнэ. Энэ нь ч яахав, лусын эздийн хишиг буян байж болох юм. Харин ногоон хувин нь дүүрэн бор цоохор өндөг авчирна.

Эмгэн нь ихэд дургүйцэн:

— Тахиа, галууныхаа өндгийг яахаа мэдэхгүй байхад ингэж зэрлэг шувууны өндөг түүж, эх амьтны голыг харлуулаад яах гэсэн юм бэ? Эх шувуу их зүдэрдэг юм гэнэ лээ. Үүнийг чинь хэн идэх юм бэ? Хөргөгч дүүрэн байна шүү дээ, — гэхэд «Молоко» Дамдин гуай:

— Маргааш Дархан орохдоо хүүхдүүддээ тарааж өгнө, — гэнэ.

— Ямар шувууны өндөг болохоороо ийм элбэг, бас ийм том байдаг юм бэ? — гэж эмгэн нь шалгаан асуухад:

— Зэрлэг нугасны өндөг, — гэж өвгөн хэнэггүйхэн хариулна.

— Чи намайг мал шиг мэхлэх юм. Хэзээ зэрлэг нугас өндгөө сайр чулуун дээр гаргаж байсан юм бэ? Наадах чинь явж явж тогорууны өндөг л болж таарлаа. Тогоруу их цэвэрч шувуу гэсэн шүү дээ. Хүний сүүдэр туссан л бол өндгөө голдог юм гэсэн. За, тэр ч яахав. Тогоруу нэг хараавал ган дөрөө сэтэртэл хараадаг юм гэсэн шүү, өвгөн минь. Хэдэн хүүхдэдээ гай зовлон чирэх нь дээ, — гэж эмгэн нь яншина...

Үргэлжлүүлэн унших

Энэ нийтлэлийн үлдсэн хэсгийг 2,000₮ төлж уншина. Төлбөр QPay-ээр хийгдэнэ.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.