Бидний дундах хуудас
Зарим өдөр тэр дэлхийг бүрдүүлж буй, өөр өөрсдийн жижигхэн ертөнцдөө хичээн амьдарч буй хүмүүсийг ажиглангаа кафед суух дуртай. Түүний гэрийн ойролцоо уур амьсгал нь дулаахан, таатай жижиг кафе байдаг. Хүн ихтэй харагддаггүй ч энэ л тайван уур амьсгалд нь татагдсан цөөн хэдэн байнгын үйлчлүүлэгчтэй. Тэр үргэлж гадаах саравчинд хүмүүсийн хөл хөдөлгөөнийг холоос ажиглаж болохуйц ширээнд сууна. Зуны дулаахан өдөр хааяа нэг салхи сэвэлзэхэд саравчийг тойруулан тарьсан цэцэгнээс анхилах таатай үнэр аяархан хамар цоргино. Энэ л богинохон мөчид хорвоо ертөнц ямар үзэсгэлэнтэй, амьд байна гэдэг ямар сайхан болохыг мэдэрч цэцэгс, кофены анхилам нялуун үнэр түүнийг энэ дэлхий дээр үнэхээр оршин буйг нь мэдрүүлдэг байлаа. Тиймээс түүний туйлын мөрөөдөл нь яг ийм жижигхэн кафетэй болох юм. Ганц энэ кафе биш хэд хэдэн газраар тэр очих дуртай. Бүгд л жижигхэн хэрнээ дулаахан газрууд. Хүн их холхисон кафегаар тэр шагайдаг ч үгүй. Тэнд ихэвчлэн нойроо сэргээхийн тулд кофег хүчээр ууж буй мэт царай гаргасан хүмүүс байдаг билээ.
Өвлийн хүйтэн эхлэх үед том цонхны дэргэдэх сандалд тухлан сууна. Тэндээс цас хаялах үеийн агшин ер бусын үзэсгэлэнтэй харагддаг тул цаг агаарын мэдээг харж байгаад цас орох өдөр зориуд ирдэг байлаа. Заримдаа бүтэн өдөржин ч суух нь бий.
Нэг өдөр үдээс хойш ирээд цас орохыг хүлээсэн ч тэнгэр нэг л хөдөлсөнгүй. Ингээд оройн арван цаг болж кафе хаах дөхсөн тул гарахаар бэлдэж байтал кафены эзэн инээмсэглэн, - Өнөөдөр арван нэг хүртэл ажиллана шүү гэв. Өөрт нь зориулж ийнхүү хаах цагаа өөрчилсөн эсэхийг мэдсэнгүй ч баяртайгаар буцаад суудалдаа суумагц тэнгэрээс нэг нэгээрээ том ширхэгтэй цасан ширхэг хаялж эхлэв. Бодолдоо дарагдан зөөлөн хаялах цасны ширхэг болгоныг толгойдоо сийлэхийг хүсэн сууж байх үед кафен эзэн хоёр аяга уур савссан халуун цай авчирч -Орой болж байгаа тул кофе тохиромжгүй байх гэж бодлоо, гэсээр урд талын суудалд суув. Өдөр болгон шахам ирдэг хэдий ч нэг ч удаа үг сольж үзээгүй тул цочирдон - Баярлалаа гэж хэлээд халуун цайнаас балгалаа. Цайнаас чихэрлэг хэрнээ бага зэргийн хурц амт амтагдана. Хурц амт нь цагаан гаанаас гарч байгаа ч ямар цэцэг болохыг нь мэдсэнгүй. Гэтэл бодлыг минь уншсан мэт - Сарнай байгаа юм, бие тайвшруулж хоол шингээдэг болохоор орой уухад их тохиромжтой. Би ихэвчлэн үйлчлүүлэгчдээ гарсны дараа цэвэрлэгээгээ дуусгачихаад ганцаараа ууж суудаг юм. Ганцаараа суухад ч хаяа уйтгартай байдаг шүү.
Өнөөдөр хүнтэй хамт ууж байгаа болохоор цай илүү амттай санагдаж байна гэж цонх руу ширтсээр хэлэв. Танихгүй хүнтэй ярилцах үргэлж хэцүү санагддаг юм. Ямар нэгэн зүйлийн талаар ярихад буцаад юу гэж хариу хэлэхээ мэддэггүй. Харилцан яриа гэдэг бол миний үргэлж сул тал мөн тулгархыг хүсдэггүй нөхцөл байсаар ирсэн. Гэвч цонхруу харсаар ярьж эхэлсэн түүний яриа огтхон ч төвөгтэй санагдсангүй. Надтай ярьж буй биш өөртэйгээ эсвэл аажуухан газарт буух цасан ширхэгтэй ярьж байгаа мэт санагдсан болохоор тэр байж мэдэх юм. Заавал хариулах хэрэгтэй эсвэл харилцан яриаг цааш үргэлжлүүлэх ёстой гэсэн тогтоогүй дүрэм мэтийн зүйл ч энд хэрэггүй байлаа. Бидний хэн нь ч нөгөөгөөсөө юу ч хүссэнгүй зүгээр л сарны туяанд гялтганан хаялах цасны шөнийн үзэмжийг шимтэнгээ аяга цайгаа ууж дуусгах хамтрагч л хэрэгтэй байсан төдий байв. Хэн нэгэнтэй хамт байх үед чимээгүй байдал хэзээ ч ийм тухтай байсангүй.
Нэгэнтээ тухтай байдлыг мэдэрсэн бол дахин түүнийгээ хүсдэг нь хүний шунал биз ээ. Тэр өдрөөс хойш завтай өдөр болгондоо ирж кафе хаатал суудаг болов. 10 цаг өнгөрч сүүлчийн үйлчлүүлэгч гарах хүртэл би ном уншсаар эсвэл цонхоор ширтсээр үргэлж суудаг ширээндээ тухлана. Сүүлчийн хүн гарсны дараа тэр цэвэрлэгээгээ хийж дуусаад хоёр аяга халуун цайгаа барьсаар ирж сууна. Пянзнаас жазз хөгжим эгшиглэж бидний дундах чимээгүй орон зайг дүүргэнэ. Цонхны тусгалд түүний царайг ажиглан суух нь тун тааламжтай санагддаг байв. Анх тэгтлээ анзаардаггүй байсан ч цас хаялсан тэр өдрөөс хойш ажиглахад үнэхээр царайлаг нэгэн ажээ. Өндөр нуруу, урт хөл, өргөн мөртэй атлаа жижигхэн нүүртэй. Давхраагүй хурц нүд, өтгөн хөмсөг, өндөр хамартай. Баруун талын хөмсгөндөө зүсэгдсэн мэт сорвитой бөгөөд холоос харвал албаар сэтэлсэн мэт харагдах боловч ойроос харвал сорви болохыг нь ойлгоно. Хөмсөгний сорви, хурц нүд, мөн зүүн гаран дээрх шивээс нь түүнийг аюултай, ширүүн хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Магадгүй энэ төрхөөс нь болоод кафе нь тийм олон үйлчлүүлэгчгүй байдаг байх. Орчинд нь татагдан ирж, цонхноос өөр газар луу ширтдэггүй байсан болохоор өдийг хүртэл царайг нь нэг ч харж байгаагүй тул анзаараагүй бололтой. Хэрвээ анх царайг нь харсан бол дахин ирэх байсан болов уу. Бодолдоо дарагдаад нэг мэдэхэд түүний нүүр лүү эгц ширтэн сууж буйгаа анзаарлаа.
- Одоо л миний царай сонирхлыг чинь татаж эхэлж байна уу? гэж асуув.
Ичсэндээ бушуухан харцаа бууруулж, аягатай цайруугаа гараа сунган уух гэтэл аль хэдийн дуусчихсан байв.
Тэр үл мэдэг инээмсэглээд,
- Хэрвээ анзаарсан бол манайд эмэгтэй үйлчлүүлэгч бараг орж ирдэггүй. Ихэнх байнгын үйлчлүүлэгчид бүгд эрэгтэй хүмүүс байдаг юм. Эмэгтэй хүмүүс хаяа орж ирдэг ч царайг минь хараад бас дотор сууж байгаа хүмүүсийг хараад удалгүй гараад явчихдаг. Эхэндээ чамайг ч бас дахиж ирэхгүй байх гэж бодсон. Харин бараг өдөр болгон ирэхийг чинь хараад их гайхсан шүү. Их зоригтой эмэгтэй бололтой гэж анхандаа бодсон ч бага багаар ажиглахад зүгээр л эргэн тойрны хүмүүсийг болон намайг огт анзаараагүй юм байна гэдгийг ойлгосон юм. Сонирхолтой санагдаж бас атаархах мэдрэмж төрсөн. Анх удаа л өөрийнхөө ертөнцөд амьдарч, гадна ертөнцийг үл тоож буй хүнийг харсан болохоор тэр байх. Тэгээд бага зэрэг сонирхож эхэлсэн. Цонхоор ширтэн суухдаа юу боддог болох, амьдрал нь ямар болохыг сонирхох болж, ярилцахыг олон удаа хүссэн ч нэг ч удаа надруу харж байгаагүй болохоор ойртож чадахгүй байсан юм. Бас хэрвээ эргэн тойрноо анзаарчихвал дахиж ирэхээ больчих вий гэдгээс айсан. Тэр өдөр цас оройтож орж эхэлсэнд их баярласан шүү, гэж хэлээд инээмсэглэв. Түүний инээмсэглэх үед ширүүн харагддаг төрх нь тэр дороо зөөлөрчих шиг. Би өөрийн эрхгүй, - Инээхээрээ ширүүн биш царайлаг харагдаж байна гэж хэлчихэв. Хэлсэн үгэндээ ичиж, нүүр минь халуу дүүгэхэд дахин аяга руугаа гар сунгав. Дуусчихсан байсныг нь дахиад л мартчихаж. Хоосон аягаа буцаан тавихад -Тэгвэл өнөөдөр хоёр аягыг уугаад хаавал ямар вэ гэж асуулаа. Би чимээгүйхэн толгой дохиход тэр дахин цай авчрахаар босох үед нь харахад чих нь улайсан харагдаж байв. Түг Түг.. түг түг.., ямар чанга юм бэ энэ зүрх гэж өөртөө шивнээд тайвшрахыг оролдон сандлын түшлэг налан түүнийг хүлээлээ.
Би бага байхаасаа л их сониуч хүүхэд байсан. Энэ ертөнц дээрх бүх л зүйлсийг хэрхэн бүтсэн, юунаас бүрддэг, ямар зарчмаар ажилладаг болох талаар сонирхдог нэгэн байлаа. Бараг бүх зүйл миний сонирхлыг татдаг хэр нь хүмүүс л хэзээ ч тэр жагсаалтад багтаж байсангүй. Хэн нэгэн рүү нэг минутаас илүү хугацаанд ширтэж байсан удаа ховор гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Гэвч хүмүүсээс дөлдөг ч ноомой, хойрго нэгэн биш байв. Хийх ёстой зүйлээ хийдэг, хэлэх шаардлагатай зүйлээ хэлдэг, ярилцах ёстой хүмүүстэйгээ ч ярилцана. Гэхдээ үргэлж өөрийнхөө босгосон хананы хаалгыг өчүүхэн төдий онгойлгож, зөвхөн тэр завсраар л бусадтай харилцдаг байв. Хэрэв хэн нэгэн хүчээр онгойлгохыг оролдвол хаалгаа тас хааж орхиод цоожилчихно. Эргэн тойрныхон минь ч энэ байдалд дассан тул эхэндээ хананы гадуур эргэлдэж байгаад төд удалгүй нээж чадахгүйгээ ойлгоод бууж өгцсөөсөн юм. ийм өөртөө би дуртай байсан тул өөрчлөхийг, өөрчлөгдөхийг хүсдэггүй байв. Тийм болохоор үлдсэн амьдралаа ч яг ингэж өнгөрөөнө гэж боддог байлаа. Гэвч надад дахин нэг аяга цай авчрахаар явсан ширүүн төрхтэй залуугийн хойноос ширтэн суухдаа анх удаа өөрийнхөө өөрчлөгдөж эхэлснийг мэдэрсэн юм. Хаалга аль хэдийн нээгдчихжээ. Түг түг., түг ., “Чанга юм аа, энэ зүрх”
Дахин нэг цай уугаад салсан тэр өдрөөс хойш аль хэдийн долоо хоног өнгөрчээ. Яагаад ч юм дахиж очих зориг хүрсэнгүй. Зүрх хүсэвч, тархи шинэ мэдрэмжээс айсандаа зүрхний хүслийг хорьж байлаа. Гэвч инээмсэглэж буй түүний царай нүдэнд харагдаад юу ч хийсэн төвлөрч үл чадна.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
