Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe
Харука

ЕС БА 9

Хадгалах

 
Цаг хэд болж байгааг мэдэхгүй нь дээр, хонх дуугарах шинжгүй байсан тул хэсэг дуг хийхээр шийдэв. Орой шинэ зүйлс тохиолдох тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сандарч бас догдолсондоо нойр хүрэх болов уу гэж бодсон ч эзөөлөн өдөэн дэрэн дээр толгой тавимагц нойр бүрхэн авав. Ингэж тухтай хэвтээгүй хичнээн удаа вэ гэж бодон нүднээс дусал нулимс унахтай зэрэгцэн дуг нойронд автаж эхэллээ.
Мянган жил үргэлжилсэн мэт урт, зовиуртай зүүд зүүдлэв.
Манантай замаар алгуурхан өгсөх авч зам нь огт харагдахгүй байлаа. Урдах болон хойдох, тэнгэр болон газар аль нь ч үл үзэгдэнэ. Юун дээр зогсож байгаа нь харагдахгүй авч ямар нэгэн зүйл дээр гишгэж байгаа нь мэдрэгдэнэ. Төгсгөл нь үл харагдах жимээр ганцаар алхана.
Гэнэт доороос ямар нэгэн хатуу зүйл хөл чангаалаа. Доош хартал нүдгүй хоосон ухархай ширтэж байв. Арьсгүй, цус нь урссан хүүхдийн жижиг ясан гар хөлнөөс чангаана. Айсандаа орилох гэсэн ч авиа гарсангүй. Ам хатаж, бүх л биеийн ус ширгэсэн мэт нүд хүртэл арган хорсоно.
Энэ зүүд, энэ зүүд гэж өөртөө шивнэв. Эргээд сэрэхэд дулаахан өдөн хөнжилдөө сэрэх болно. Эргээд сэрэхийг туйлаас ихээр хүсэв.
Эхлээд нэг хүүхдийн гар зулгааж байсан бол удалгүй дөрвөн гар болж, гурван толгой цухуйж, зургаан хос нүдгүй ухархай өөдөөс ширтэнэ. Нөгөө хөлнөөс ч мөн олон гар зуурав.
Гэнэт дээрээс уйлах чимээ сонсогдов. Хартал зуу зуун нүдгүй ухархайгаас нь цусан нулимс гоожсон далавчтай хүүхдүүд намайг тойрон эргэлдэж байлаа. Тэдний нулимс бороо болон биен дээр дусалж, хэдхэн хормын дараа бие минь бүхэлдээ улаан цусаар бүрхэгдэв. Цус нь нүд, чих, хамар ам руу орж эхлээд чих цусаар дүүрч юу ч сонсохоо болилоо. Ядаж л тэдний уйлах чимээг сонсохгүй болсондоо баярлаж байтал ам цусаар дүүрч, хахаж эхлэв. Хамраараа ч амьсгалж чадахаа болив. Одоо харин би тэдний цусаар уйлж байв. Ингээд л үхдэг юм байж гэж бодтол Дүн дүн дүн гэсэн хонх шиг чимээ сонсогдлоо. Нүд, хамар эргээд нээгдэж амьсгалж бас харж чадахаар болов. Харин ам цусаар дүүрсэн хэвээр. Хэчнээн залгисан ч эргээд л дүүрч, ярьж, орилж чадахгүй байв.
Дахин дүн дүн дүн гэж дуугарахад хөлнөөс зуурсан байсан гарнууд газар луу шигдэн алга болж, уйлж буй сахиусан тэнгэрүүд ч үүл өөдөө нисэн одлоо.
Гурав дахь удаагаа хонх дуугарахад аман дахь цус дуусаж, орилсоор сэрлээ.
Цагаан тааз.
Өө сэвгүй, ямар ч толбогүй бас цууралтгүй цагаан тааз.
Хар дарснаас болж хамаг бие хөлсөнд норж, уйлснаас дэр нойтон болжээ. Бодит байдалдаа эргэн орохын тулд ухаан санаагаа цэгцлэн хэвтэж байтал зүүдэн дотор сонсогдсон нөгөө чимээ дахин гарлаа. Дүн дүн дүн. Дахин гурвантаа дугарсны дараа нэгэн эмэгтэй хүний хоолой сонсогдлоо.
-       9 цаг, Оройн хэлэлцүүлгийн цаг. Бүгд хоолны танхимд цуглана уу, 9 цаг оройн хэлэлцүүлгийн цаг, бүгд хоолны танхимд цуглана уу. гэж давтлаа.
Цагаа хартал арван минут дутуу байв. Анхны сэтгэгдлээ тааламжтай үлдээх хэрэгтэй учир хувцсаа солихоор яарлаа. Энэ удаад сонголт хийх хугацаа бага байсан тул хамгийн ойр байсан хар хөх өнгийн хослолыг өмсөөд, угаалгын өрөө орж нүүрээ угаав. Дуусаад толинд харахад өөрийгөө дахиад л таньсангүй. Цэвэрхэн нүүр, дэгжин үс засалт, цэмбэгэр хослол дээр эрвээхэй зангиа зүүсэн тэр хүн яг л зурагтаар гардаг, заримдаа хажуугаар үнэртэй ус ханхлуулсаар, толгойгоо амьдралдаа хэзээ ч бөхийлгөж үзээгүй мэт дээгүүр харсаар зөрж өнгөрдөг, үргэлж үзэн яддаг байсан баячуудтай адилхан харагдаж байлаа. Гэхдээ энэ удаад толинд тусах баян царайг үзэн ядсангүй.
Дахин нулимс цийлэгнэж эхлэх үед толгойгоо сэгсрэн бодлоо цэгцлээд цаг харахад таван минут үлдсэн байв. Гадна төрхөө өөрчилсөн, одоо нэг л зүйл дутуу байлаа. Өөрийнхөө хуурамч төрхийг зохиохоо мартсан байв. Орны хажуугийн шүүгээн дээр байсан цаас, бал хоёрыг аваад бичиж эхлэв.
-       Би бол баян хүн. Гэхдээ ямар ажил хийдэг хүн байж болох вэ? Толгойд юу ч орж ирсэнгүй. Тиймээс эхлээд нас болон хобби гэх мэт энгийн зүйлсээс эхэлж бичихээр шийдэв.
-       Би 27 настай. Үнэндээ 32 настай ч азаар наснаасаа залуу харагддаг гэж хүмүүс байнга хэлдэг тул нэг их худал юм шиг харагдахгүй байх.
-       Би хуулийн чиглэлээр их сургууль төгссөн. Бага ангиа төгссөнөөс хойш сургуульд сураагүй л дээ. Гэхдээ хэрвээ боломж байсан бол хуулиар сурахыг хүсдэг байсан юм. Хорин настайдаа цагийн ажил хайж яваад нэгэн баян айлын хүүхдийн өмнөөс хичээлд нь сууж, ирцийг нь бөглөх ажил хийж байсан юм. Бүтэн нэг хичээлийн жил хийсэн гээч. Хамгийн жаргалтайгаар мөнгө олсон ажил ганц тэр л байсан сан. Тэмдэглэл хөтлөх шаардлагагүй байсан  ч суусан хичээл бүрийнхээ лекцийг хөтөлж, нэг удаа бүр өмнөөс нь шалгалт өгч байлаа. Уг нь энэ ажлаа үргэлжлүүлэхийг хүссэн ч  баяны хүүхэд гадаадад сурахаар болж, сургуулиасаа гарах болсноор дахиж сууж чадахгүй болсон юм. Харин номын сангийн картыг нь авч үлдэж чадсан тул зав л гарвал тийшээ очиж, элдэв хуулийн ном уншин суудаг байлаа. Жаргалтай хоёр жил. Энэ чигээрээ хичээл хийгээд ЭЕШ өгч, их сургуульд орох талаар ч бодсонсон. Тэр гайтай өдөр тэр газарт байгаагүй бол магадгүй орж чадах байсан байх. Ямартай ч хуулийн талаар би чамлахгүй их мэдлэгтэй хүн.
-       Одоо хувиараа хуулийн ферм ажиллуулж байгаа. Байж болох л худал.
-       Чөлөөт цагаараа ном унших, гитар бас шатар тоглох дуртай. Энэ бол үнэн шүү. Цаг бас нөхцөл боломж л олддоггүй болохоос би дуртай.
-       Аа бас гольфоор хичээллэдэг. Харин энэ бол худал гэхдээ баян хүмүүсийн хийдэг ямар нэг зүйл хэрэгтэй гэж бодсон юм.
Тэгэхээр нас, мэргэжил, хобби болсон. Юу хийдэг баян хүн болохоо ч олчихлоо. Цагаа хартал хэдийн найман цаг болчихсон байсан тул бичсэн зүйлсээ дахин нэг уншаад цээжилж аваад өрөөнөөсөө гарлаа.  

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.