Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe
Харука

Төгсгөлийн 4-р хэсэг

Хадгалах

         Тэд магадгүй өсөж том болоод илүү олон хүнийг гэмтээх араатан болж болж мэднэ. Гэхдээ одоохондоо түүний өгөх сануулгын ачаар өөрчлөгдөж болохоор ухамсар нь бүрэн төлөвшөөгүй жижиг биетүүд. Гэвч хийсэн нүглийг нь зүгээр өнгөрөөж болохгүй. Тиймээс насан туршид нь мартагдахгүй сануулга үлдээхээр шийджээ.

Оршуулга дээр айлгасан шиг дахин сүрдүүлж болно. Гэвч тэр айдас удалгүй мартагдана. Түүнээс гадна өөрийгөө илчлэх хэмжээний эрсдэл гаргахыг хүссэнгүй. Байнга сануулж байхын тулд айдсыг зөвхөн зүрхэнд нь бус, биед нь сийлэх хэрэгтэй байлаа.

Биед нь..

Яг зөв биед нь сийлчихье!  гээд сайхан санаа толгойд нь орж ирсэн бололтой хурдхан бүлэг хүүхдүүдийн талаар судалсан судалгаагаа гаргаж ирээд хүүхэд бүрийн мэдээллээс нэг зүйлийг хайв. Баруун, баруун,.. зүүн. 4 баруун 1 зүүн.

-Болчихлоо!..

Түүний уруулын үзүүр аажмаар дээшилж, шинэ санаа олсон үедээ л гаргадаг тэр үл мэдэг инээмсэглэл нүүрэнд нь тодров.

-   Яаж зүрхэнд нь ч , биед нь ч сийлэхээ олчихлоо. Ингээд тайван гэгч нь босож гэрээсээ гарлаа.

Охины аавын оршуулгаас хойш хагас сар өнгөрчээ. Энэ хугацаанд тэр хүүхдүүдийн талаар хэрэгтэй бараг бүх мэдээллийг цуглуулсан байв. Аз болоход тэд бараг өдөр бүр хамт байдаг тул мөрдөх ажил нь санаснаас хялбар болсон юм.

 Хичээл тармагц бүгдээрээ нийлж, үсээ үргэлж хоёр салаа болгон боодог туулайтай төстэй охины гэрт очно. (Өөрийгөө туулай шиг царайтай гэдгийг мэддэг болохоороо тэгж боодог эсэхийг гайхна) Туулайн эцэг эх нь гэртээ барагтаа л байдаггүй. Харин ахимаг насны нэгэн үйлчлэгч эмэгтэй байнга орж гарч харагдана.

Мөшгилтийн эхний өдөр хүүхдүүдийг туулайнхруу орсны дараахан өнөөх үйлчлэгч гарч ирэхэд алуурчин чимээгүйхэн араас нь дагав. Үйлчлэгч такси барин туулайн гэрээс нилээн хол байдаг зах руу ороод хэсэг хугацааны дараа хоёр гар дүүрэн хүнсний зүйлс барьсаар гарч ирэхэд алуурчин жолоочийн дүрд хувирч, яг урд нь машинаа зогсоон хаалгаа нээв.

-   Та хаашаа явах вэ? гэж эелдгээр асуулаа. Ядарсан янзтай үйлчлэгч туулайн гэрийн хаягийг хэлээд суудалдаа тухлав. Хэсэг чимээгүй явсны дараа алуурчин яриа өдөж,

-   Танай гэрийн ойролцоо бас нэг зах байдаг санагдах юм. Яагаад заавал ийм холоос хүнсээ авсан юм бэ? Нэлээд ядарсан харагдаж байна шүү.

Энэ л асуултыг хүлээж байсан мэт үйлчлэгч инээмсэглээд дахин асуулт асуух зав ч өгөлгүй ярьж эхлэв. Түүний ярьсан элдэв зүйлсээс чухлыг нь хураангуйлвал,

Туулайн ээж нь түүний дүүтэй хамт гадаадад амьдардаг бөгөөд дүү нь ирээдүйд аавынхаа бизнесийг өвлөж авах болохоор тэнд суралцаж байгаа тул ээж нь дүүг нь асран гадаадад байдаг гэнэ. Харин эцэг нь үргэлж ажилтай гэртээ бараг ирдэггүй. Хотын төвд ажлынхаа газрын ойролцоо тусдаа байртай тэндээ амьдардаг гэлээ. Туулайг төрөхөд аав нь ихэд дургүй байсан бөгөөд эрэгтэй хүүхэд хүсдэг байсан болохоор охиноо бараг хайхралгүй, асрагч нараар өсгөсөн. Ээжийг нь ч хүү төрүүлэх гэж байнга шахсаар хоёр жилийн дараа дүү нь төрсөн. Тэр үеэс хойш туулай бүр мөсөн эцэг эхийн хайр халамжаас хол өссөн аж.

Тэр түр азнаад дахин үргэлжлүүлэв.

-   Юугаар ч дутаагүй ч хайр гэж юу байдгийг мэдэхгүй өссөн хүүхэд ааш муутай, хэрцгий болчихдог юм байна билээ. Асрагч нараа байнга дээрэлхэнэ. Нохойноос дор харьцдаг байсан болохоор өндөр цалин амалсан ч хүн тогтдоггүй байлаа.

Үүнээс залхсан аав нь нэг удаа туулайг харанхуй өрөөнд бүтэн хагас сар хорьсон юм гэсэн. Гарж ирэхдээ ухаан сууна гэж бодсон байх. Үнэхээр ч тэр үеэс хойш асрагч нараа дээрэлхэхээ больж, ааш нь эрс өөрчлөгдсөн. Өмнө нь үсээ дандаа задгай тавьдаг байсан бол түүнээс хойш үргэлж хоёр салаа болгон боодог болж, үйлчлэгч нартай ч эвтэйхэн харьцдаг болсон тул бид бүгд үнэхээр засарсан юм байна гэж бодсон.

Тэр хүртэл найз гэж бараг байдаггүй байсан хүүхэд хоёр жилийн өмнөөс хэдэн хүүхэдтэй нийлдэг болж, тэд нь хичээл тарахаар бараг өдөр бүр манайд ирнэ.

Гэхдээ нэг л хачин зүйл байсан.

Туулай өрөөндөө найзуудаасаа өөр хэнийг ч оруулахгүй гэж хатуу хориглодог байлаа. Өрөөгөө өөрөө цэвэрлэдэг болохоор бидэнд орох шаардлага ч гардаггүй. Нэг өглөө тэр хичээлээсээ хоцрох гээд яаран гарсан юм. Тэр үедээ өрөөнийхөө хаалгыг цоожлохоо мартсан байж.

Нэг үйлчлэгч маань дээд давхрыг цэвэрлэж байтал гэнэт хаалга хүчтэй савагдана онгойж л дээ. Мэдээгээр хүчтэй салхи салхилж, аадар бороо орох талаар анхааруулж байхыг сонссон болохоор "цонх нь онгорхой байвал бороо ороод сүйд болох нь" гэж бодоод тэднийд арай удаан ажилласнаар нь намайг дуудаж өрөө рүү нь орохыг хүссэн юм. Би цонхыг нь хаахаар хаалгыг нь зөөлөн түлхтэл...Үйлчлэгчийн царай гэнэт барайж, нүд нь үл ялиг чичирхийлэв.

-   Юу харснаа бодохоор одоо хүртэл эвгүй байдаг юм... Тэр хэсэг чимээгүй сууснаа намуухан үргэлжлүүлэв.

-   Хана дүүрэн нүцгэн охидын зураг өлгөчихсөн байсан.

-   Томчуудын сэтгүүлээс хайчилсан зураг шиг байсан уу? гэж алуурчин энгийн өнгөөр асуув.

-   Үгүй ээ.Үйлчлэгч толгой сэгсрэв.

-   Тэд бүгд туулайтай ойролцоо насны хүүхдүүд байсан. Тийм болохоор л намайг бүр гайхшруулсан. Алуурчны нүд үл ялиг нарийсав.

-   Өөр содон зүйл ажиглагдсан уу? Үйлчлэгч түүнийг нэг ажигласнаа инээмсэглэв.

-   Яагаад ингэж их сонирхоод байгаа юм бэ?

-   Аан., Би ч бас өсвөр насны охинтой хүн л дээ. Заримдаа хүүхдээ ойлгох их хэцүү санагддаг юм. Энэ тайлбар эмэгтэйг бүрэн тайвшруулсан бололтой.

-   Тийм шүү. Эгч нь ч бас охинтой. Одоо том болоод өөрөө ээж болчихсон л доо.

Тэр хэсэг дурсамжаа эргэн санасан мэт бодолхийлснээ гэнэт нэг зүйл санаад нүдээ томруулав.

-       Өө, тийм байна шүү! Би сониучирхаад хэдэн зургийг нь ойроос харсан юм. Тэгээд хэд хоногийн дараа туулайн мартсан юмыг сургууль дээр нь хүргэж өгөх болоход найзуудынх нь дунд сууж байсан хоёр охиныг зураг нь дээр байсан охидууд болохыг шууд таньсан.

-   Яаж?

-   Нэг охины хацар дээр том мэнгэ байсан юм. Өрөөний ханан дээрх зураг дээр яг тэр мэнгэ нь байсан болохоор андуурах аргагүй.

Тэр уртаар санаа алдаад,

-   Хөөрхий дөө... ааваасаа болж эрэгтэй хүнийг үзэн ядаад чиг баримжаа нь өөрчлөгдчихсөн юм болов уу даа

Алуурчин дотроо инээмсэглэв. Үгүй дээ... энэ чинь тийм энгийн зүйл биш.

Машин туулайн гэрийн үүдэнд ирж зогсов.

-   Хэд болох вэ, хүү минь? гэж үйлчлэгч түрийвчээ гарган асуулаа.

-   Зүгээр ээ, эгч ээ. Манайх энэ хавьд байдаг юм. Гэртээ харих замдаа хань авсан төдий таны ачаар зам хурдан хороолоо шүү гэж инээмсэглээд,

-   Гэхдээ эгч ээ саяын таны ярьсан зүйлс нууц зүйл биш гэж үү, над шиг гадны танихгүй хүнд ярьж болж байгаа юм уу гэхэд эгч түрийвчээ буцаан далд хийгээд

-   Өө зүгээр дээ. Охин, аав хоёрын талаарх асуудал бол эндхийн бараг бүх хүн мэддэг цуу яриа байгаа юм санаа зоволтгүй. Аан харин ханан дээрх зурагны талаар эгч нь ам халаад ярьчихлаа гээд гэмшингүй харахад нь

-   Та санаа зоволтгүй ээ. Өөрийн охин шигээ хүүхдийн талаар хов жив тараахгүй ээ гэв.

-   Эмэгтэй талархан инээмсэглээд хаалгаа онгойлгох гэтэл алуурчин гэнэт дуудлаа.

-   Өө, эгч ээ... та миний хамгийн эхэнд асуусан асуултад хариулаагүй шүү дээ.

-   Аль асуулт билээ?

-   Яагаад ийм холын захаас хүнсээ авдаг юм бэ?

-   Ёстой энэ толгой гэж...Эгч өөрийгөө шоолон инээлээ.

-   Нөхөр маань хүртэл "чи дандаа сэдвээсээ хазайчих юм" гэж загнадаг. Тэр дахин инээснээ үргэлжлүүлэв.

-   Туулай найзуудаа ирэх үед намайг гэрт байх шаардлагагүй, хувийн ажлаа амжуулж болно гэж өөрөө хэлдэг юм. "Найзуудтайгаа тайван хичээлээ хиймээр байна" гэдэг л дээ.

-   Манай ойрхон зах арай үнэтэй. Харин сая явсан зах хамаагүй хямд. Амьдрал юм болохоор хэдэн төгрөг ч гэсэн илүү гаргачих гээд үзэж байхгүй юу гээд маасайтал инээсээр -За баярлалаа, дүү минь,  гээд машинаас буув.

Алуурчин түүнийг араас хэсэг ажиглав. Их ярьдаг хүмүүс нэг л өдөр өөрсдөө өөрийгөө балладаг даа... Гэвч өнөөдөр түүний ам задгай зан тун хэрэг болжээ. Хэдхэн минутын ярианаас тэр сар гаруй мөрдөөд ч олж чадахгүй байсан мэдээллээ авч чадсан байв. 

Ихэнхдээ мэдээлэл цуглуулах ажил амаргүй байдаг. Ялангуяа туулайнх шиг чинээлэг айлын тухай үнэн мэдээлэл олох бүр ч хэцүү. Сонсогдох зүйлсийн ихэнх нь цуу яриа, эсвэл хэтрүүлэг байдаг. Харин өнөөдрийнх шиг ам задгай хүнтэй таарах нь тун ховор аз.

Хэрэгтэй мэдээллээ олсондоо сэтгэл хангалуун буцах гэж байтал үйлчлэгчийг гэртээ орохтой зэрэгцэн туулай болон найзууд нь гарч ирэв. Тэд үнэтэй бугуйн цаг зүүдэг охины машинд суун хөдөллөө. Алуурчин ч араас нь зай барин дагав. Удалгүй тэд оршуулгын газрын гадна машинаа тавиад охины  амиа хорлосон, өнөөх тэдний нэр нь сийлэгдсэн хад байдаг ой руу алхлаа. Хадан дээр очсон хойно бугуйн цагт өөрийн сийлсэн нэрийг хурууны өндгөөр зөөлөн илбэхэд тэдний нэг болох анааш шиг урт хүзүүтэй хөвгүүн:

-   Энэ нэрсийг арилгах хэрэгтэй гэж бодохгүй байна уу? эсвэл аавд хэлж байгаад энэ хадыг бүр зайлуулчих уу? гэж асуулаа.

Бугуйн цагт ёжтой инээмсэглэв.  

-   Чи тоглоод байна уу . Энэ чинь бидэнд өгсөн түүний сүүлчийн бэлэг шүү дээ гээд охины өөрийгөө дүүжилсэн мод руу харан инээгээд үргэлжлүүлэв.

-   Тэр магадгүй үүгээрээ биднийг сүйтгэж чадна гэж бодсон байх гэтэл яг эсрэгээрээ эргэчихлээ.

Хажууд нь зогсож байсан туулай үсээ боосон туузаа тайлж, урт үсээ задлан мөрөн дээгүүрээ асгав.

-   Үнэн шүү, одоо бүгд биднээс илүү их айх болсон дахин ямар нэг дарамтлах зураг бичлэг хийх ч хэрэггүй боллоо шүү дээ гэв. Анааш модны орой өөд ширтэн,

-   Ер нь тэр яаж тийм өндөрт гарч чадсан юм бол оо гэж бувтнаад модруу авирч үзэхээр явахад бусад хоёр нь түүнийг дагалдлаа.

Ингээд хоёр охин л үлдэхэд Бугуйн цагтай охин Туулай руу хараад,

-   Дүү чинь хэзээ ирнэ гэсэн бэ? гэхэд туулайн царай агшин зуур өөрчлөгдөж, нүдэнд нь улаан оч асах мэт болоод,

-   Долоо хоногийн дараа ирнэ. Энд зөвхөн гурав л хононо. Тэр уруулаа үл ялиг мурийлган, Гэхдээ бид төлөвлөснөө амжуулж дөнгөх байх, энэ бол тэр бяцхан новшийг хашраах сүүлийн боломж гээд инээв.

-   Гурван жилийн өмнөх шигээ аавдаа баригдвал энэ удаа зүгээр өнгөрөхгүй юм биш үү?

Туулай чангаар инээд алдаад,

-   Аав намайг яаж ч чадахгүй ээ, хэрвээ ямар нэг зүйл хийх байсан бол дүүг анх усанд живүүлэх гэж оролдох үед л намайг өөр газар аваачаад хаячих байсан харин хоёр дахь удаагаа шатнаас түлхэх үед мэдсэн ч яагаа ч үгүй ердөө хагас сар л тэр өрөөнд хорьсон тэгээд дүүг гадаад руу явуулчихсан. Аавын надад ямар их хайртайг мэднэ биздээ намайг яаж ч чадахгүй. Нүүрэнд нь бардам инээмсэглэл тодров.

-   Ингэхэд чамайг эцэг эхдээ хаягдсан гэдэг цуурхал ер нь хаанаас гарсан юм бол? аав чинь чамд гүнж шиг л ханддаг биз дээ.

Туулай хайхрамжгүй мөрөө хавчаад,

-   Харин ээ мэдэхгүй юм. Аав ихэнхдээ ажилтай завгүй байдаг. Гэртээ орой ирнэ. Ирэхэд нь асрагч, үйлчлэгч нар аль хэдийн амарчихсан байдаг болохоор тэд биднийг хамт байхыг бараг хардаггүй. Тэгээд л өөрсдөө үлгэр зохиосон байх.

Бугуйн цагт жуумалзан,

-   Хөөрхийлөлтэй амьтад, бидэнд атаархсандаа юуг ч хамаагүй зохиож ярих юм тийм үү гээд хоёул элгээ хөштөл инээлдэв. Тэр хооронд модонд авирсан гурав бууж ирсэн тул бүгд машин руугаа явав.

Энэ бүгдийг ойролцоох модон дээрээс сонсож байсан алуурчин инээмсэглэн байлаа. Ойн энэ хэсэг анир чимээгүй байдаг тул тэдний яриаг тун сайн сонсож чадав. Ердөө тандалтын эхний өдөр гэхэд санаанд оромгүй их мэдээлэл олж авсан байв. Бүх зүйл ингэж бүтэж байгаад магадгүй дүүжлүүрийн олсон дээрх охин тусалж байж мэдэх юм.

Хүүхдүүдийг явсны дараа тэр аажуухан хад руу алхав. Нэрсийг нэг бүрчлэн дахин уншлаа. Дараа нь дүүжлүүрийн олсны ором үлдсэн модыг ширтэн “Тэднийг араас чинь явуулж чадахгүй ч гэсэн чам шиг золиос дахин гарахааргүй болгоно. Амлая” гэж шивнэлээ.


IG: @nergui_duruud

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.