Хэзээ ч мартагдахгүй тэр хайр
Анхны хайр минь болж ирсэн тэр хүн эцэст нь надаас хэрхэн явсныг өгүүлэх 4-5жилийн түүх юм

Энэ бол өсвөр насны жаахан охин байхдаа нэгэн хүнд эргэж буцалтгүй дурлаж, хайрлаж, бас хайрлуулж өнгөрүүлсэн жаргалтай атлаа гунигтай бодит түүх юм...
Би 8-р ангидаа шинэ сургууль руу шилжиж ирсэн юм. Тэр минь миний шилжиж очсон ангид сурдаг байлаа. Гэхдээ шилжиж очоод л шууд дурлачихсан уу гэвэл мэдээж үгүй.
10-р ангид байхдаа л түүний нэрийг анх мэдэж, “Нээрээ ийм хүүхэд байдаг билүү?” хэмээн бодож билээ.
Яагаад гэвэл нэг өдөр би биеийн тамирын хичээлдээ ороогүй, ангийнхаа бусад хүүхдүүдийн хамт сууж байлаа. Тэгтэл ангийн нэгэн хөвгүүн бусдаасаа тоглоом шоглоомоор:
— Манай ангийн банди нараас нэгтэй нь үерхвэл хэнтэй нь үерхэх вэ? гэж асуув.
Тэнд байсан охидууд бараг бүгд л:
— Тэнүүн. Тэнүүн, — гэж хэлж байлаа.
Би гайхаж:
— Яагаад бүгд Тэнүүн гэж?
хэмээн асуухад ихэнх нь түүнийг эрэгтэйлэг төрхтэй, царайлаг, нэг л өөр хүн шиг гэж ярьсан юм.
Тэгээд л тэр өдрөөс хойш Тэнүүн гэж ямар хүн байдгийг сонирхож эхэлсэн.
Өдөр бүр ажиглана. Бүтэн хоёр жил нэг ангид хамт сурчихаад яагаад нэрийг нь ч мэддэггүй байсан юм бол гэж өөрөөсөө асууна.
Нэг өдөр хичээлийн дундуур ангийн сахилгагүй банди түүний тухай нэг зүйл багшид ярьж байлаа.
— Тэнүүн найз охинтой. Тэрний гүнж гэдэг нь гэрт нь орж хоол хийж өгдөг...
гэж хэлэхийг нь сонсоод би дотроо:
“Аан, хүний хүн байсан юм байна.”
гээд л бодоод өнгөрсөн.
Хэсэг хугацааны дараа бид хоёр энгийн найзууд болсон байв. Мэнд усаа мэдэлцэж, элдэв зүйл ярилцаж, бусадтайгаа нийлэн инээлддэг энгийн л харилцаатай байлаа. Арга ч үгүй биз, нэг анги юм хойно.
Нэг өдөр хичээлийн дундуур би нэгдүгээр салааны хамгийн хойно гараа дэрлэн сууж байлаа. Тэнүүн яг миний урд найзтайгаа сууж байсан юм.
Тэгтэл найз маань гэнэт намайг цочоогоод, би цонхны тавцанд толгойгоо цохичихов.
— Яая, өвдчихлөө ш дээ...
гэж хэлэхэд найз маань:
— Заа, юун сүртэй юм, — гэв.
Харин Тэнүүн над руу эргэж хараад:
— Зүгээр үү?
гээд миний толгойг зөөлөн илж билээ.
Тэрхэн агшинд миний зүрхэнд ямар нэгэн зүйл анх удаа өөрөөр хөдөлсөн юм шиг санагдсан.
“Эмэгтэй хүүхэд юм байгааз дээ.
Өвдөлгүй яадаг юм...”
гэж хэлсэн тэр хэдхэн үг нь яагаад ч юм сэтгэлд минь үлдсэн.
Магадгүй тэр мөчид л миний энгийн сонирхол шохоорхол болон хувирсан байх.
Тэгээд л яах вэ дээ...
Шохоорхоод эхэлснээс хойш Тэнүүн хаана байна, би тэнд байхыг хүсдэг болов.
Хичээл тараад хөвгүүд сагсны талбай руу явахад найзуудаа чирээд л дагана. Түүнийг харах гэж, дэргэд нь байх гэж, хааяа ганцхан үг солихын төлөө хүртэл янз бүрийн шалтаг олно.
Ингэж өдөр хоногууд өнгөрсөөр...
Бид хоёр бага зэрэг дотносож эхэлсэн тэр үед Тэнүүн миний нэг найзад сайн гэдгээ надад хэлэв.
Би ч гайхсан. Дотроо багагүй хүнд байсан ч тэр хоёрынхоо дунд зуучилж, нийлүүлэхийг хичээсэн.
“Тэр өөр хүнд сайн гэж байхад би яалтай билээ дээ.”
гээд л өөрийгөө аргадсан юм.
Найзтайгаа Тэнүүний хооронд чат бичиж, аль болох бүтээхийг хичээсэн ч манай найз өөр нэг хүнд сайн байсан учраас Тэнүүнийг нэг их тоосонгүй.
Тэгээд л би чимээгүйхэн өөрийнхөө мэдрэмжийг дотроо нуусаар явлаа.
Нэг өдөр ангийнхаараа ойролцоох ногоон байгууламжид очиж тоглож, ярилцаж байлаа.
Тэгтэл ангийн нэг банди:
— Эмэгтэй хүний хөлийг дэрлэх ямар байдаг бол? Хосууд тэгж байдаг шүү дээ, — гэж тоглоом шоглоомоор хэлэв.
Тэгсэн өөр нэг найз маань:
— Номин, чиний хөлийг дэрлээд үзчих үү? — гэж инээгээд хэллээ.
Харин Тэнүүн надаас өрсөн мэт:
— Юу гэж зөвшөөрөөд байдаг юм? Тэнэг юм уу? — гэж найздаа хэлэв.
Би ч нэг их юм бодолгүй:
— Тэгээ, — гээд хэлчихэв.
Гэтэл Тэнүүн ухасхийн босож ирээд, тэр найзтайгаа миний хөлийг дэрлэх дээр бараг зодолдох шахав.
Эцэст нь Тэнүүн дийлж, миний хөлийг дэрлэн хэвтлээ.
Харин би...
Дотор минь нуугдаж байсан тэр мэдрэмж эргэж ирэх нь тэр.
Зүрх минь догдолж, тэрхэн мөчид би юу ч хэлж чадаагүй.
Магадгүй тэр өдөр би өөрийнхөө сэтгэлээс дахин нэг удаа зугтаж чадаагүй байх.
Учир нь зарим хайр анх хараад төрдөггүй юм байна.
Зүгээр л нэг өдөр толгойг чинь зөөлөн илсэн гарнаас, санаандгүй хэлсэн ганцхан үгнээс, чамайг бусдаас түрүүлж өмөөрсөн тэр жижигхэн үйлдлээс эхэлдэг юм байна... (үргэлжлэл бий)
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.
