Миний кафе түүхүүдээ хуваалцана уу minii.cafe

Хойд уулын лус

Хадгалах

Нэгэн өдөр би эмээгээсээ гуйсаар байгаад сүнс, шулмын тухай яриулж билээ. Эмээгийн ярьснаар бол...

Дээр үед нэгэн залуу хотод сургууль төгсөөд хөдөө томилолтоор иржээ. Очоод удаагүй байтал нэгэн царай муутай бүсгүй өдөр шөнөгүй ажил дээр нь ирж, түүнийг хоргоож эхэлжээ. Залуу юу хийхээ ч мэдэлгүй явсаар, нэг л мэдэхэд тэр бүсгүйгээс хүүхэдтэй болов.

Сэтгэлээсээ дургүй ч гэлээ аргагүйн эрхэнд хурим хийсэн залуу эхнэрийнхээ царайг харах бүрт улам л дургүйцэх болжээ. Нэгэн шөнө тэр шал согтуу гэртээ иржээ. Эхнэр нь унтаж байлаа. Хорон санаа эзэмдсэн эр эхнэр, хүүхдийнхээ амийг бүрэлгээд, гэрийнхээ хойд ууланд нууцаар оршуулжээ. Хамаатан садан нь асуухад «Хүүгээ эмчид үзүүлэхээр хот явсан» гэж худал хэлдэг байв.

Нэг өдөр тэр хойд уул руу гарч яваад үдшийн бүрийд оржээ. Айх ч үгүй тайван алхаж явтал араас нь хэн нэгэн дуудав. Эргэж хартал тэнгэрийн дагина мэт гэрэл цацруулсан үзэсгэлэнт бүсгүй ойртон ирж, түүнийг тэврэн үнсэж гарчээ. Эр юу болж буйг ойлгож амжаагүй байтал ухаан алдаж, эмнэлэгт сэржээ.

Хэд хоногийн дараа түүний гэдсэнд ямар нэг юм хөдлөх болов. Айсан эр нэгэн хүчтэй ламд үзүүлтэл лам ийн хэлжээ: «Чиний алсан эхнэр хүн биш, хойд уулын лус байсан юм. Чамд дурласан тэрээр сэтгэлийг чинь шалгахаар муухай бүсгүйн дүрд хувилж ханилжээ. Өөрийг нь алсанд хорссон ч чамайг алж чаддаггүй, учир нь хэтэрхий их хайртай. Тиймээс гэдсэнд чинь буг чөтгөр үлдээсэн байна.»

Тавилангаас зугтах аргагүйг ухаарсан эр эцэст нь өөрийгөө галд өгсөн гэдэг.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь болоорой.